Азийн Хөлбөмбөгийн Холбооны төслийн хүрээнд бүтээн байгуулсан Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбооны бэлтгэлийн зуслан ашиглалтад орж өчигдөр /2023.05.28/ нээлтээ хийлээ.
Гачууртын 33-р хороо Шивэртэйн аманд уул ус, ургамал мод тэгширсэн газарт, стандарт хэмжээ бүхий байгалийн зүлгэн талбайг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөг тоглох, тогтмол бэлтгэлтэй байх нөхцөл бололцоог бүрдүүллээ.
Түүнчлэн уламжлалт Монгол гэрийн үндсэн шинж, давуу байдлыг алдагдуулалгүй тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлдэг “Цомцог гэр”-ийг барьж байгуулсанаар тамирчдын ая тух хангагдахын зэрэгцээ, сурч боловсрох боломжийг хангаж буй юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд Азийн Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Цомцог гэр, Elixir coffee and wine, Koo.mn гээд олон байгууллага, хувь хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн гэдгийг дуулгах нь зүйтэй.
Тиймдээ ч нээлтийн арга хэмжээнд АХБХ-ны нийгмийн хариуцлага төслийн ахлах мэргэжилтэн Нэйл Ста Мариа, АХБХ-ны хүүхэд хамгааллын мэргэжилтэн Викториа Кох, Австралийн элчин сайдын яамны 1-р нарийн бичиг Дэйв, МХБХ-ны Гадаад харилцааны дарга С.Монголжингоо нар хүндэт зочноор уригдан оролцлоо.
Мөн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн тамирчид, хүүхэд багачууд шинэхэн бэлтгэлийн талбайдаа анхны бэлтгэлээ хийв. Уг бэлтгэлийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч П.Баярцэнгэл удирдан явуулж, тамирчид маань ирээдүйн мянга мянган амжилтын эхлэл болсон бэлтгэлийн талбайдаа анхны бэлтгэлээ хийсэн юм.
Бид бүхнийг дэмждэг байгууллага, хувь хүн, хөлбөмбөгийн зүтгэлтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ манай байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг үүгээр дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл ( 0 )