Ирээдүй судлал: 2070 онд хүмүүс хэрхэн аялах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Европын 2023 оны сүүлээр үйлчилж эхлэх хилээр орох, гарах систем /The Entry/Exit System/ нь ойрын ирээдүйн өндөр технологийн инновац. Харин 50 жилийн дараа аялал ямар байх нь шинжлэх ухааны уран зөгнөлт киноны сэдэв. 

Иргэний агаарын тээврийн “EasyJet” компанийн захиалгаар ирээдүй судлаач эрдэмтэн, бизнес зөвлөхүүд 2070 онд хүмүүс хэрхэн аялах тухай таамаг дэвшүүлжээ. Эрдэмтэд аялах газраа хэрхэн сонгох, нислэгийн тасалбар, буудлаа хэрхэн захиалах зэрэг сонирхолтой тамааг дэвшүүлсэн байна. 

Аялагчид аяллаа хэрхэн төлөвлөх вэ? 

2070 онд хүмүүс аялах газраа сонгохдоо гялгар сэтгүүл, товхимол үзэж, Инстаграмд гэрэл зураг хайхын оронд мета ертөнцийн тусламжтай сонголтоо хийнэ. Өнөөдөр та дэлгүүрт хувцас сонгодгийн адил хэрэглэгчид ирээдүйд аялах газруудын мета хувилбарыг судлан, өөрсдөө эхлээд туршиж үзэх болно хэмээн Лондонд төвтэй “Big Innovation Centre” захирал Брижитт Андерсен таамаглаж байна. Аливаа зүйлийг худалдан авч, захиалахдаа виртуал бодит байдал дээр туршиж үзэх боломжтой болно. Ингэснээр цаг зав болон санхүүгийн хязгаарлагдмал боломжтой болон харамсахааргүй сонголт хийхийг илүүд үздэг хашир хэрэглэгчид хожно. 

Ирээдүйн агаарын тээвэр ямар байх бол? 

Шинжээчдийн төсөөллөөр, ирээдүйд аялал хийхэд илүү тав тухтай, цаг хугацаа хэмнэсэн нислэгүүд бий болно. Дэлхийн нийт жуулчдын 85 хувь цахилгаан нийтийн тээвэр болон жолоочгүй автомашинаар аялна гэж “Global Change Ltd” компанийн ирээдүй судлаач Патрик Диксон үзэж байна.

Гэрээсээ нисэх онгоцны буудалд нисдэг цахилгаан автомашинаар очих боломжтой болно. Өдгөө 250 гаруй компани богино зайны нислэг үйлдэх зориулалттай нисдэг тээврийн хэрэгсэл бүтээж байна. 

Нисэх онгоцны буудал дахь бүртгэл болон аюулгүй байдлын шалгалт илүү ухаалаг болж, дугаарлаж зогсох шаардлагагүй. Нисэх онгоцны буудалд ороход царай таних программ таныг бүртгэнэ. 

Харин ачааны хувьд магадгүй тэр үед танд ачаа ч хэрэггүй болно. Хувцасны оронд таны биеийн хэмжээнүүд л хэрэгтэй гэж Крэнфилдийн их сургуулийн профессор Грэм Брейтвэйт итгэлтэй байна. Аялах газартаа ирэнгүүтээ та хувцас захиалгын газарт хандахад л 3D хэвлэгч машинаар хэвлэсэн хувцас тань бэлэн болно. 

Нисэх онгоц хэрхэн өөрчлөгдөх вэ? 

Ирээдүйд нисэх онгоцны гол давуу тал нь яг танд зориулж тав тухтай байдлыг бүрдүүлнэ. Онгоцны суудал төдийгүй бүхэлдээ орчин нөхцөлд хувьсгал гарна гэж ирээдүй судлаач Мелисса Стерри төсөөлж байна. Материал судлалын инновац илүү хөнгөн, тэгсэн хэр нь бат бөх материал бүтээх боломжийг нээнэ. Ингэснээр зөвхөн танд зориулсан тав тухтай бөгөөд аюулгүй байдлыг хангасан суудалд тухлан аялах боломжтой болно. 

Тэгвэл паспорт ямар байх бол?

Царай таних систем болон цахим паспорт өнөөдөр шинэ зүйл биш болсон. Гэхдээ 2070 онд бүхий л тасалбар болон хувийн бичиг баримтууд дижитал болно хэмээн шинжээчид таамаглаж байна. Аялагчдын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч зэрэг  хувийн мэдээллүүд дэлхийн мэдээллийн санд хадгалагдана. Үүнд мөн зүрхний бичлэг орж магадгүй. Учир нь хүн бүрийн зүрхний “гарын үсэг” онцгой байдаг байна. 

Зочид буудал ямар болох вэ? 

Ирээдүйн зочид буудлын үйлчилгээний хувьд мөн л томоохон өөрчлөлтүүд гарах нь дамжиггүй. Шинжээчдийн төсөөлж буйгаар, жолоочгүй автомашинууд таныг нисэх онгоцны буудалд угтан авч, захиалсан зочид буудалд нь хүргэнэ. Зочид буудалд таныг голограмм зочин хүлээн авагч буюу ресепшн угтан авч, үйлчилнэ. 

Зочид буудлын өрөөний интерьерийг мөн л таны сонирхол, таалалд нийцүүлэн бүрдүүлсэн байна. Таны байрлах хугацаанд зочид буудлын бүхий л зүйл зөвхөн таны сонирхол, тав тух, таалалд нийцэж буйг хянах хиймэл оюун ухаан бүхий нэгэн цогц бие организм мэт зочид буудлыг төсөөлөөд үзээрэй гэж инновацын салбарын шинжээч Шиви Жервис зөвлөж байна. Өрөөнд нь виртуал туслах мэндчилж, таны өмнөөс шинэ алчуур авчруулахаас эхлээд хооллох газар санал болгож, захиалга өгөх зэрэг бүхий л талаар тусалдаг болно гэдэгт шинжээч итгэлтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top