НҮҮРСНИЙ ХЭРЭГ: “Эрдэнэс Тавантолгой"-н хэргийг ХААХ САНАЛЫГ прокурорт хүргүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд зарлаж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн зургаан сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Энэ хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр /2023.05.22/ АТГ-аас мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар уг хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж хүний бие, баримт бичгийн үзлэгийг 1801 удаа, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч, 18642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн бол 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна.

Мөн хоёр хэргийг нэгтгэн, 9 хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Одоогоор хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17, нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Нийт яллагдагчдын 81 хувь нь нийтийн албан тушаалтан байна. Үүнд улс төрд нөлөө бүхий иргэн буюу УИХ-ын гишүүн долоо, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан нэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан нэг, Аймаг сумын засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 20, Хил хамгаалах байгууллагын тав, Тээврийн үндэсний төвийн дөрөв, Нийгмийн даатгалын байцаагч нэг, Аймгийн газрын даамал хоёр, Боомтын захиргааны дарга мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс таван толгой” компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан арав, “Таван толгой” хувьцаат компанийн ажилтан 14, “Таван толгой түлш” хувьцаат компанийн ажилтан тав, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн ажилтан гурав, хуулийн этгээдийн албан тушаалтан 15, иргэн 28 тус тус шалгагдсан байна. Эдгээр яллагдагч нараас 20 яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаснаас одоо гурван хүн цагдан хоригдож байна.

Хаагдсан есөн хэргийн тухайд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг ““Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах үйл ажиллагаа нь сэжигтэй байж болзошгүй, авлига авсан байх магадлалтай хэмээн шалгасан. Шалгалтын явцад ямар нэгэн гэмт хэргийн шинж чанар илрээгүй тул хэргийг хаах саналыг прокурорт тавьсан.

Мөн "Тавантолгой" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж, хураагдсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлыг шийднэ. "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбай илэрч, хураасан байна” гэлээ.

Хоригдож буй гурван хүний тухайд "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ахлах мэргэжилтэн, "Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга нар цагдан хориотой байгаа юм байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top