Төрийн өмчит компаниудын хөрөнгө нь улсын ДНБ-ээс их хэмжээнд байгаа учир бүтцийг өөрчилнө

2023 оны 05 сарын 25

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлагаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн засаглал, дүрмийг шинэчилж, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж чадсан. Өөрөөр хэлбэл төр анх удаа өөрийн компанидаа шинэ менежментийг нутагшуулж эхэлсэн нь энэ.

"Эрдэнэс Монгол" ХХК нь боловсролтой, ур чадвартай, мэдлэгтэй, туршлагатай албан хаагчдаар багаа бүрдүүлж, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тэд өнөөдрийн нөхцөл байдлаа ярьж, маргаашийн арга замуудаа тодорхойлохоор “Эрдэнэс Монгол нэгдэл” чуулганыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” дагуу төрийн өмчит компаниудын сэргэлтийн хүрээнд компаниудынхаа засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ Төрийн өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах өөрчлөлт, шинэчлэлийг нэг дор нэгдсэн байдлаар хийнэ. Мөн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд үнэлгээний журмыг ойлгомжтой тодорхой болгох, үзэмжээр хандах боломжийг хязгаарлахын тулд холбогдох журмыг шинэчилнэ” гэдгээ мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 53 компани алдагдалтай ажилласан гэдэг статистик байна. Цаашид эдгээр компаниудын үр ашигт байдалд анхаарахгүйгээр төрийн данхар бүтцийг бууруулах боломжгүй. Өөрөөр хэлбэл засаглал нь сайжрах боломжтой компаниудын үйл ажиллагааг менежментийн түвшинд сайжруулна. Харин үр ашиггүй, үйл ажиллагаа нь давхардсан компаниудыг нэгтгэх болон татан буулгах талаар яригдаж байна. Тиймээс цаашид төрийн өмчит компаниуд ашигт ажиллагаа, цомхон бүтэцдээ анхаарлаа хандуулах шаардлага үүсэж байгаа юм.

Төрийн өмчит 98 компанийн нийт хөрөнгө 59.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монгол Улсын 2022 оны ДНБ-ний хэмжээнээс 12 хувиар давж байгаа үзүүлэлт. Тодруулбал, төрийн өмчит компаниудын хөрөнгө нь улсын ДНБ-ээс их байгаа нь энэ бүтцийг өөрчлөхөөс өөр гарц харагдахгүй байгааг ЗГХЭГ-ын дарга тодотголоо. “Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган хэлэлцүүлгээр үргэжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
555(103.229.120.3) 2023 оны 05 сарын 25

Эдийн засгийн наад захын мэдлэгтэй хүн энэ төр засагт байна уу?

1  |  0
Top