“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2023” үндэсний чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол II” (ТХБ-II) төслийн хүрээнд төслийн хэрэгжүүлэгч, төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төв болон бусад оролцогч талууд зохион байгуулж байна.

Чуулга уулзалт үдээс өмнө “Ирээдүйн төлөөх өнөөдрийн дуудлага: Өсвөр үеийнхэн чуулган”, үдээс хойш “ТХБ-II төслийн үр дүн, цаашдын зорилт” сэдвээр болно.

 

 

Чуулга уулзалтад “ТХБ-II” төслийн үр шимийг хүртэгч өсвөр насныхан оролцож, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжихэд хүүхэд залуучуудын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр илтгэл мэдээлэл хүргэж, бодлого боловсруулагчдад санал хүргэнэ. Энэхүү чуулга уулзалтад өсвөр насныхан панелистаар оролцож, хуралдааныг удирдаж буйгаараа онцлогтой.

Үдээс хойш 5 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулагдах бөгөөд 3-р салбар хуралдааныг Боловсролын ерөнхий газар чиглүүлж, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр 30 сургуульд туршин хэрэгжүүлсэн “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ын талаар туршлагаа таницуулж, үр нөлөөг хэлэлцэнэ.

 

 

Төсөл хэрэгжсэн орон нутгийн туршлагад тулгуурлан орон нутаг бүр ТХБ-ын төлөө хүлээсэн хамтын үүрэг амлалтаа биелүүлэхэд чиглэсэн ахиц дэвшлийг хурдасгах хөшүүрэг, тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээний багцыг олж тодорхойлох зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ.

Чуулга уулзалтад ТХБ-II төслийн загвар 30 сургуулийн удирдах ажилтан, багш, сурагчид, төслийн сонгогдсон 6 аймаг, 2 дүүргийн төлөөлөл, олон улсын донор байгууллага, хувийн сектор, салбарын яамдууд, төрийн байгууллагын төлөөлөл гээд 300-350 хүн оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top