Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа болж байна. Бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар оролцож байна.
Арга хэмжээг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ: "Цар тахлын оргил үед боомт гэдэг ямар чухал гэдгийг та бид ойлгосон. Хилийн бүх боомтыг авто зам, төмөр замаар холбох том зорилтыг дэвшүүлж, Шинэ сэргэлтийн бодлогодоо Боомтын сэргэлтийг тусгаж тодорхойлсон. Өнөөдөр баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Боомт сэргэж, авлигыг устгаж эхэлснээр эдийн засаг сэргэж байна. Улсын төсөв анх удаа 1.1 их наядаар нэмэгдсэн. Валютын нөөц нэмэгдсэн. Өнөөдөр Шивээхүрэн боомт өргөжиж, бүтээн байгуулалтын ажлыг төр хувийн хэвшилтэй хамтарч ийн эхлүүлж байна" гэв.
Эргэн сануулахад, Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг Нарийнсухайтын төмөр зам ХХК-д олгохоор шийдвэрлэсэн билээ. 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замыг барих тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч байсан юм.
Гол төмөр замын нийт урт нь 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм. Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, зургаан жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй. Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, нүүрсний экспортын зах зээл өргөжих, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна.
Үүнтэй холбогдуулаад баруун босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан бөгөөд барилга угсралтыг энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2-р товчоо шалгарсан байна. Зураг төслийг нь энэ онд багтаан боловсруулж, БНХАУ-ын төмөр замтай холбох ажил эхлүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг зургаадугаар сард хийнэ. Хил холболт, боомтын төмөр зам барих, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замуудын ажлыг эхлүүлснээр баруун, зүүн, төвийн гэсэн 3 коридороор ОХУ-ыг Монголоор дамжуулан БНХАУ-тай холбох ажил эрчимтэй явж байна.
Сэтгэгдэл ( 0 )