С.Бямбацогт: Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор 3-5 дахин бага үнээр нүүрс тээвэрлэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх ажлыг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Уг нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомт хариуцсан сайд Б.Тулгат нараас гадна УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар оролцов. 

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Гол төмөр замынх нь урт 7.1 км, дэлгэмэл уртаараа бол 20 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил юм. Шивээхүрэн-Сэхэ боомт сүүлийн таван жилийн хугацаанд 45 сая тонн нүүрс гарсан байдаг. Өнгөрсөн 2022 онд 4-5 сая тонн нүүрс гарсан. Энэ жилийн хувьд авто тээврээр 10 сая орчим тонн нүүрс тээвэрлэх зорилготой ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх аравдугаар сард дуусна. Ингэснээр ирэх жил төмөр зам, авто тээврээр 20 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болох юм. Өөрөөр хэлбэл, авто тээврээр  дээд тал нь 10 сая тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол төмөр зам ашиглалтад орсноор хоёр дахин нэмэгдэж, 20 сая тонн нүүрс тээвэрлэдэг болно. Төмөр замаар тээвэрлэхийн давуу тал нь өртөг, зарлага багатай. Үндсэндээ авто тээврээр тээвэрлэснээс 3-5 дахин бага зардлаар нүүрс тээвэрлэх боломж бүрдэж байна" хэмээн тодотголоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top