Боржигон нутгийн алдартан

2023 оны 05 сарын 30

Оцол сансар уулын хошуу, Боржигин овогтны зах, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Уртын голын Түймэртийн дунд бууцанд хөх бич жилийн зуднаар ээж Хорлоогийнхоо дөрөвдэх үр нь болж мэндлээд ангир уурагаа ч гүйцэд шимэлгүй өнчрөн хоцорч Цэвэлмаа эмээгийнхээ ачаар мал тууж явсан Очироор дамжин нутгийн эгэлхэн малчин Дамбадоод эгч Буянравжихынхаа хамт үрчлэгдсэн бяцхан хөвгүүн бол өнөөгийн Саранхөхөө театрын тулгын чулууг тавилцсан хөгжмийн зохиолч, удирдаач Нацагдорж байсан ажгуу.

Зовсон хүн жаргадагийн адил үрчилж авсан сайхан сэтгэлт ачтан, сайн багш нарын ачаар сум, аймагтаа бага, дунд сургууль төгсөөд наймдугаар ангид орсон ч шалгалтын үеэр хүндээр өвчилж аргагүйн эрхэнд сургуулиасаа гарсан болой. Хархан багаасаа хатуу ажилд хэрсүүжсэн дүүгээ, хүнд өвчний улмаас хоёр суга таягтай болсон ч амь зуухын эрхээр төмөр замд ажилладаг Төмөрмөнх ах нь ажилд оруулъя гэсэн ч нас бага гээд авахгүй байсан үе буюу жараад оны эхээр аймгийн соёлын ордонд шалгуулахад тэнцэж гурван сар дагалдан байхдаа тоглолтын хөшиг татаж хашаа, хадлан зэрэг аж ахуйн ажилд оролцож байтал алдарт морин хуурч, хөгжмийн зохиолч Ч.Банзрагч багш нь "лимбэ хөгжим сур" хэмээн даалгаж өгснийг даруйхан сурч бас аккордеон, төгөлдөр хуурыг сонирхон  суралцажихуй. Тэр үед орон даяар "Соёлын довтолгоон" гэх нүсэрдүүхэн ажил өрнөж жүжигчин Н.Лантуу, Төмөрхуяг, Цэндсүрэн нарын хамт Хатанбулаг, Хөвсгөл сумдад томилогдож малчдын ор хөнжлийн даавуу, дотуур гадуур хувцас, гал тогоо, аяга халбаганы алчуур угаах, унь тооно, авдар савны утаа тортог, хир буртагийг арилгах ажлаар саван, нидрэг, ус бэлтгэж тэмээ мал хөлөглөн нэлээд удаан хугацаанд ажилласны эцэст туслалцаа авсан айлынхан, настайчууд нь өөрийн хүүхдүүд шиг тусаллаа гэж нулимс унаган, баярласнаа илэрхийлж байсан гэнэм. Жараад оны эцсээр Ж.Доржгочоо найруулагч Нацагдоржийг курсэд суралцах гэхэд нь болиулж "хэрэггүй дээ, одоо бүр дээд сургуульд яв" гэсэн тул улмаар УБДС-д шалгуулан тэнцэж Сүхбаатар аймгийн уугуул "Хамгийн дундаас онцгой" дууны эзэн, хөгжмийн зохиолч, УГЖ Б.Доржцэрэнгээр Б.Дамдинсүрэнгийн "Хэнтийн өндөр ууланд" симфони хөгжмийн зохиолын пянзыг шөнөжин дохиж удирдаачийн сургуулилт хийсээр төгөлдөр хуураар П.И.Чайковскийн "Неаполитаны дуу"-г тоглож шалгалтанд ороход гар нь чичирч байхыг харсан өндөр буурал хүн "битгий сандар, тайван тогло" гэж тайвшруулж байсан нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав байжихуй. Ийнхүү нэг зуу гаруй хүнээс эхний хорин тавд багтаж оюутан болсон нь Ч.Банзрагч багшийн хөгжмийн онолын анхны мэдэгдхүүн олгосны ач байсан агаад сургуулийн декан Аюушд сургууль төгссөн мэт андуурагдах хүртэл хөгжмийн мэдлэгтэй байсан ажгуу.

Оюутан Д.Нацагдорж суралцах хугацаандаа орчин цагийн хөгжмийн урлагийн алдартан Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржоор зохиомж, ардын хөгжмийн найруулга, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуунаар удирдаач, арга зүйн хичээл заалгаж байхад амьдралын эрхээр хатуу хөтүү ажилд булчинжин тамиржсан гараа халуун усаар суллах талаар Ж.Чулуун багш нь зөвлөн хичээллэж байсан гэнэм. Урьд цагийн тайж язгуурт Базарсад гуай хүүхдүүдээ дээд сургуульд ая тохитой суралцуулахаар нийслэлд түр сууршихад хүү Доржцэрэн нь дадлагаар олсон хөгжмийн боловсролоо дипломоор батлагаажуулж, дүү нь их эмч болж нэг жил төгссөн агаад Доржцэрэн бол бүх төрлийн хөгжим тоглодог, сонсгол, тогтоолт зэрэг нь хэтрүүлж хэлэхэд өнөө цагийн цахим төхөөрөмжтэй зүйрлэм хөгжсөн хөгжмийн аугаа авьяас чадвартан, Нацагдорж ч гэсэн яг л тийм авьяастан, тэд урьд нь зэргэлдээ аймгийнхан байсан учир урлагийн бригадаар ирж очиж явахдаа танилцсан учир Нацагдоржийн хичээл сурлагад дэм тус өгч нөлөө үзүүлсэн ачтан бөгөөд нэг удаа Доржцэрэнгийн цүнхэнд удирдварын том цаас багтахгүй байснаас гээгдсэнийг "нар гарах зүгээс хүн авчирч өгнө" гэж аавынх нь хэлснээр болсон тухай хуучилвай. 1971 онд оюутан Нацагдорж шар өвчнөөр дөчин тав хоног эмчлүүлж группд орчихоод байхдаа Л.Мөрдорж багштайгаа уулзалдахад "багшийнх нь уран бүтээлийн шагнал ирсэн" гээд шууд дагуулсаар Улаанбаатар зоогийн газарт авчирч алдарт Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, О.Цэвэгжав нартай танилцуулж дан цагаан архи уулган хоол ундаар дайлаад таксины мөнгө өгч үдэхэд нь ихэд баярлаж, харин өвчин хүндрэх вий гэж айж байсан ч ажигчгүй өнгөрсөн гэнэм. Д.Нацагдорж маань сургуулиа төгсөхдөө Л.Мөрдорж багшаасаа зөвлөгөө авч Дашдоржийн Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" зохиолоор сэдэвлэж модон үлээвэр хөгжмийн тавалд зориулсан бүтээл туурвин онц үнэлгээ авч дипломоо хамгаалсан хийгээд бүр жараад оны дунд үеэс СГЗ зохиолч А.Шартолгойн "Сэтгэлд уянгалах нутаг" дуугаа, далаад оноос Л.Ухнаагийн дэглэсэн "Урлалын гайхамшиг" бүжгийн хөгжмөө зохиож эхэлснээс хойш дууны шүлэг найрагчдын "Сая зүрхний нэг нь минийх", "Баян говийн тэмээд", "Ялалтын цуваа"-гаар дараалаад Л.Одончимэдийн "Хүний хайлан ээжий", А.Эрдэнэ-Очирын "Тэнгэрийн хаяа", Х.Өлзийбаярын "Арван алдын жороо" зэрэг хоёр зуугаад нийтийн дуу, УГЗ Л.Ухнаагийн дэглэлт "Хатанбулгийн домог"', "Цулхирчин", "Малчин залуус", "Уулган шарын тэшээ", хожим Улаан-Удэд "Хун шубуун", "Ноён хүбүн" нэг бүлэгт бүжгийн жүжгийн хөгжим зэрэг гуч гаруй бүжгийн хөгжим тууривижихуй.

Энд тодруулан хэлэхэд дорнын говийн бүжгийн урлагийн нэрт авьяастан Л.Ухнаагийн дэглэсэн бүжгийн хөгжмүүдийг бүтээхдээ агуулга, хөдөлгөөн, дүрслэлийг хөгжмийн хэллэгээр хэнд ч ойлгогдохуйц тодруулан гаргадаг байсан тухай мэргэжилтнүүд, үзэгчид санал нэгтэй бахархан үнэлдэг байнам. Үүнчлэн Ч.Нацагдоржийн "Мөнхийн галт цэцэг", С.Маршакийн "Муурын байшин", Ардын уран зохиолч Б.Догмидын "Алаг заяа", Данзанравжаагийн "Саран хөхөө" гээд хөгжимт жүжгүүдийн хөгжмийг бүтээж "Талын цуурай" лимбэний гоцлол, "Үзэсгэлэнт Биндэръяа" ардын хөгжмийн цөөхүүл /энэ бүтээл ОХУ-ын Горьки хотод болсон уралдаанд дэд байранд шалгарсан/, "Этюд" эрдүү хийлийн гоцлол, Буриад дууны "Попури" зэрэг дан хөгжмийн зохиолууд туурвисан байнам. Мөн Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой хамтран ТШ, АЖ Ц.Намсрайжав, ТХШ, АЖ Л.Мөрдорж, ТШ, УГЗ Г.Бирваа, халхын их хуурч СТА Ч.Банзрагч, бүжиг дэглээч УГЗ Л.Ухнаа нарын уран бүтээлийн тоглолтууд болон алдарт "Учиртай гурван толгой" дуурь", Их говийн зоригтон" зэрэг олон хөгжимт жүжгүүд, аймгийнхаа соёл урлагийн арав хоногийн болон "Боржигон" чуулгын концертууд гээд төв орон нутагт болсон зуу зуун тоглолтын хөгжмийн бүх найралжуулга, удирдваруудыг хийж удирдаачаар ажилласан ажгуу.

Тэрээр ерээд оны эхээр улс нийгмээрээ хуучин шинийн зааг дээр хөл алдахад хүрч байсан үед театрын даргаар томилогдож хаалгаа барилгүй ажилласан урлагийн цөөхөн байгууллагын нэг байлгаж чадсан чадварлаг зохион байгуулагч агаад уран бүтээлчид, сэхээтнүүд, үзэгчид, удирдлагуудын санал дэмжлэгт үндэслэн түүх баримтанд тулгуурлаж аймгийн хөгжимт жүжгийн театраа Равжаа хутагтын бүтээл "Саран хөхөө"-гийн нэрээр нэрлэх тухай асуудлыг Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хороонд оруулан зөвшөөрүүлж даргын тушаал гаргуулан баталгаажуулсан санаачлагч болой.

Д.Нацагдорж бүр наяад оны эцсээр ЗХУ-ын Буриад улсын Улаан-Удэ хотод удирдаачаар мэргэжил дээшлүүлсэн үеэс харилцаа тогтоож ерээд оноос Улаан-Удэ хотын Дорнод Сибирийн Соёл урлагийн академид Монгол туургатны ардын хөгжмийн багш удирдаачаар уригдан ажиллаж оюутны оркестрыг үүсгэн байгуулсан хийгээд тус академийн багш В.В.Китов /СГЗ, профессор/-той  хамтран "Сибирский сувенир" оюутны дуу бүжгийн чуулга ажиллуулан Ази, Европ, Америк тивийн жар гаруй оронд аялан тоглож монгол туургатныхаа соёл урлагийг сурталчилсан ба тэнд ажиллаж байхдаа монгол төрх бүхий ур чадвар шаардсан чанарлаг бүтээлүүдээ туурвиж олон удаагийн уралдаан тэмцээнүүдэд оролцон өндөр үнэлэгдэн шагналууд авч Буриад улсын Ардын хурал "Хүндэт жуух бичиг"- ээр шагнаж  "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртээн бүтээлч ажиллагааг нь мялаажихуй.

Бичвэрийн баатар маань хилийн чанадад ажиллах хугацаагаа өндөрлүүлж төрсөн нутгийнхаа хаяа залгаа Боржигоны бор талын дуу бүжгийн чуулгад суурьшин ажиллахдаа хуучин нийгмийн үед Чингис хааны тухай чимээ ч үгүй байхад Боржигон дуу дууллаа гэж алдарт дуучин Цэнджавыг уралдаанаас хасч, нутгийн нэрт дуучин "үүлэн" хэмээх Нэрэнг "Би Боржигоноор дуулж яваад үхнэ" гэж хэлэх хүртэл, "Богдын өндөр" дуунаас эхлээд олон дууг шашны дуу гэж хаасан, өв тээгч хуурч Лүндэгдаржаад Дамдингаваагаас "шанаган хуур" авч өгч уралдаанд оруулснаар тэргүүлсэн зэргийг эргэцүүлэн, авьяастан залуусыг хөгжмийн урлагт хөтлөн дадлагажуулж, уламжлалт ардын урлагийн өв сан, Боржигон уртын дууны уламжлалыг судалж өсвөр үеийнхэнд ойлгуулан сургалт явуулах ажилд ханцуй шамлан орсноор Боржигон уртын дуу болон морин хуурын ганц утсанд тоглох хөг, арга зүйг орон нутгаасаа эхлэн найр наадмын хүрээнээс урлагийн тайзнаа уртын дууны авьяастан Жигмэдсүрэн, Оюунсайхан, Гантөгс нараар улбаалан хотлоороо эгшиглүүлэх дуу, дуучин, морин хуурч, лимбэчид олширч эхэлсэн ажгуу. Түүнчлэн Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрт уригдан ажиллаж "Хязгааргүй" хэмээх Монголын ба дэлхийн сонгомол дан хөгжмийн бүтээлийн болон "Наран мандах нутаг" концертын шинэ хөтөлбөрийн найралжуулга, удирдваруудыг хийж удирдаачаар  ажиллажихуй.

Д.Нацагдорж ардын болон орчин цагийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлст жараад жил чин сэтгэлээсээ хандан амжилтанд хүрсний учир их говийн зоригтон түмэн нь дэмжин төр засаг үнэлж Монгол улсын "Соёлын тэргүүний ажилтан", цолноос эхлээд "Алтан гадас" одон, МУ-ын "Урлагийн гавьяат зүтгэлтэн"-ий алдар хүртээж бүтээлч хөдөлмөрийг нь үнэлсэн хийгээд улирагч оны эцсээр төрж өссөн Даланжаргалан сумынх нь Иргэдийн хурал шийдвэр гаргаж "Соёлын төв"-өө Дамбадоогийн Нацагдоржийн нэрэмжит болгож хүндэтгэл үзүүлсэн нь наян насных нь сүүдэр тохиох босгон дээр болсон бахархалтай үйл явдал болсон байнам. Д.Нацагдоржийн маань насны хань С.Дулмаахүү алс хангайн Булганы Гурванбулагаас догшин хутагтын нутгийн Сэржмядагт үрчлэгдэн алдарт хуучирч Балдангийн өргөмөл дүү болж өсөн торнисон агаад сум аймагтаа бага дунд сургууль дүүргээд нийслэлд хөгжимчдийн түргэвчилсэн сургалтаар "мэргэжлийн хөгжимчин" болж Соёлын ордон, театрт хорь гаруй жил ажиллаад гэр бүлээрээ хилийн чанадад зорьж Улаан-Удэ хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн коллежид шанз хөгжмийн анги нээн багшилснаар эдүгээ гуч гаруй шавь нь Буриад улсын "Байкал", Чита муж, Эрхүү хотын харьяа чуулгууд, ОХУ-ын Халимаг, Тувагийн театрууд болон Франц, Герман улсуудад мэргэжлээрээ үр бүтээл дүүрэн ажилладаг ба С.Дулмаахүү Ази, Европын арваад оронд зохиогдсон урлагийн арга хэмжээнүүдэд Монгол ардын хөгжмийн урлагийг сурталчлан оролцож олон удаа шан хүртсэн ба түүний авьяас билэг, хөдөлмөр бүтээл нь Монгол улсын засгийн газрын "Хүндэт жуух бичиг", "гавшгайч"-иин ба "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгүүд, ардын хувьсгалын ойн медалиуд, ОХУ-ын Буриад улсын "Соёлын гавьяат ажилтан" цол болж энгэрийг нь мялаасан болой. Эдний том хүү Нямдорж, охин Нямхүү, Нямсүрэн нар аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн хөгжим дууны урлагт амжилт гарган ажиллаж дөнгөж саяхан Нямсүрэн Улаан-Удэ хотноо уран бүтээлийн тоглолтоо толилуулсан хийгээд охин Бямбасүрэн ЭМЯ-нд төсөл хэрэгжүүлэх багт ажиллах зэргээр туурга тулга нэгтэй хил залгаа нутаг болон эх орондоо эрдэм боловсрол, авьяас билгээ хөгжүүлэн шударгаар хөдөлмөрлөж байнам.

Миний бичвэрийн баатар маань намайг 1976 онд Соёлын яамны томилолтоор тус аймгийн соёлын ордонд ажиллахаар намрын сарын сүүлчээр дулаалгагүй гэртэй, ахуй амьдрал тарчигхан амьтан очиход сайхан хүлээж авсан төдийгүй халаалттай байранд ороход дэмжиж тусалсанд гүнээ талархаж сэтгэл сайтай, хүнд тусархаг, аливаад бүтээлчээр хандсанд баярлан хүндэтгэдэг агаад бид хоёрын балчир болоод залуу насны амьдрал ч төстэй байдаг болой. Хэл шинжлэлийн аугаа их ухаантан Б.Ренчин абугай "Их говийн зоригтон" найрууллаараа алдаршуулсан дорнын говьд соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театр өргөн үүдээ дэлгэж хилэн хөшгөө нээсээр дөчин гурав дахь жилдээ орсон үед уг театрын тулгын чулууг тулалцаж хамтран зүтгэж явсан үе насны анд, эх орныхоо болон гадаад гүрнүүдийн олон зуун шавь нараараа хүрээлүүлсэн Монгол улсын болон ОХУ-ын Буриад улсын Урлаг, Соёлын "Гавьяат зүтгэлтэн" Дамбадоогийн Нацагдоржийн наяад насны амьдрал, жар гаруй жилийн хөгжмийн урлагийн хөдөлмөрийг уншигч танаа товчлон байж зориглон толилуулсанаа цэг тавин өндөрлөж уран бүтээлч андынхаа гэр бүлийнхэнд хүссэнээ биелүүлж санаснаа бүтээж аз жаргалаар дэлгэрч байхын билэг билгүүний ерөөл талибан жаргааж хашвай. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top