"THE HU" хамтлаг Монгол дахь анхны задгай талбайн тоглолтоо хийнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Хэдийнэ дэлхийн хамтлаг болоод буй "The Hu" хамтлаг Монгол дахь анхны задгай талбайн тоглолтоо хийхээр болжээ.

"The Hu" хамтлаг ирэх зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай "Авто худалдааны цогцолбор" төвд зохион байгуулагдах “POWER EXPO & FESTIVAL” наадмын онцлох уран бүтээлчээр оролцохоор болжээ. 

Хүннү рокын хэмнэлд уусч, уухайн нүргээнд сэтгэлээ сэргээх алтан боломж энэхүү үдэш тохионо. Мөн Монголын амьд хөгжмийн домгууд болох "Никитон", "Нисванис" зэрэг хамтлагуудаас гадна шинэ залуу уран бүтээлчид өөрсдийн шилдэг уран бүтээлээ толилуулах гэнэ. 

 

 

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү наадамд Дэлхийн шилдэг ТОП-100 DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэлэгддэг, "Tomorrow Land" зэрэг дэлхийн томоохон хөгжмийн фестивалиудад оролцдог RayRay “Power Expo Festival”-ын тайзнаа ирж, өөрийн галзуу сетээ сонсгож, тайзнаа DJ урлагийг гайхуулна. Мөн "Planet Hip Hop"-ын DJ болох Famous, Cross Cutz, Nekbrace, Marcus Aurelius нар өндөр зэрэглэлийн тоглолтуудаар үзэгчдийг баясгах аж. Мэдээж хип хоп болон электро салбарын шилдгүүд ч мөн энэхүү наадамд оролцох болно. 

 

 

“POWER EXPO & FESTIVAL” наадамд хүрэлцэн ирснээр экстрим дрифтийн тэмцээн үзэж, авто мото спортын шоу үзүүлбэр сонирхохын зэрэгцээ авто болон мото салбарын байгууллагын бүхий л төрлийн үйлчилгээтэй танилцах боломжтой ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top