Чингэлтэй дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өчигдөр /2023.05.30/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл өгөв.
Энэ онд улс, нийслэл, дүүрэг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Нэгдсэн эмнэлэг, жишиг 19 өрхийн эрүүл мэндийн төв байгуулна. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтны ажлын байрууд бий болж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэх юм. Мөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барихаар төлөвлөжээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 50,591 мод тарьж, арчилгаа хийж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 11,647 гэрэлтүүлэг хийснээс асалт 98 хувьтай байгаа гэлээ.
Дүүргийн 51.7 га талбайг камерын бүрэн хяналтад оруулж, “Ногоон бүс” болгожээ. Таван хорооны нутаг дэвсгэрт 229 гарааш буюу нийтийн эзэмшлийн 4531 ам метр талбайг чөлөөлж, 17 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолын тохижилт хийж байна.
Хотын дарга сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, энэ талаар хийж байгаа ажлуудыг дүүрэг тус бүрээр танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, мөн гарааш буулгасан байршил, тэдгээрийн тохижилтын талаар танилцуулахыг дүүргийн удирдлагууд болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригт үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )