НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа.
-Дүүргийн Засаг даргын хувьд ахмадын хороогоо хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байна вэ?
-Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган хүн амтай. Үүнээс 10 орчим хувь (17 мянга)-ийг нь ахмад настнууд эзэлдэг. Дүүргийн 1-24 хороо бүрт ахмадын зөвлөл, тэргүүлэгчид ажилладаг. Тэдгээр ахмадын зөвлөлөөр дамжуулан ахмадуудтай хамтран ажиллаж, тэдний үг, сургаалийг нь сонсч, ажилдаа тусган ажиллаж байна. Ахмад хүмүүс амьдралын асар арвин туршлага, мэдлэгтэй хүмүүс шүү дээ. Тиймээс үгийг нь сонсч явах учиртай юм. Бид Чингэлтэй дүүргийн ахмадын хороотой гүйцэтгэлийн гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагааг нь санхүүжүүлж тухайн ажлыг хагас болон бүтэн жилээр нь дүгнэн ажилладаг. Мөн ахмадын зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, ахмадуудад хүргэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй болгох, тэдний эрхийг хамгаалах зорилгоор ахмадын зөвлөлийн дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Бидний зүгээс дүүрэгт оршин сууж буй 100 ба түүнээс дээш настай ахмадууддаа сар шинийн баяраар жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгон хүндэтгэдэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор жил бүрийн Олон улсын ахмадын өдрөөр ахмадад ээлтэй 3 хүртэл байгууллагыг шалгаруулж тус бүрийг 500 мянган төгрөг өргөмжлөл, ахмадад ээлтэй 2 хүртэл иргэнийг тус бүр 250 мянган төгрөг шагнаж өргөмжлөл олгодог уламжлал тогтоод байна.
Мөн ахмадуудаа ая тухтай үйлчлүүлэх, амрах, сувилуулах боломж бүрдүүлэх үүднээс өнгөрсөн онд “Хойморь хайрхан” амралтын газрыг барьж ашиглалтад оруулж, ахмадууддаа үйлчилж байна.
-Ахмадуудыг нийгмийн тэгш боломжид хамруулах ажлаар юу хийж байна вэ?
-Тиймээ. Энэ бол чухал сэдэв. Бид 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэн аж ахуй нэгжийг дэмжиж ажиллахаар салбар бүрт хичээж ажиллалаа. Мэдээж энэ арга хэмжээндээ ахмад настнуудаа орхигдуулаагүй, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудаа хамруулсан. Ахмадууд маань үндэсний уламжлалт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын өвийг өвлөн тээж залуу хойч үеэ сурталчилан таниулах, зааж сургах ажлыг хийж байна.
Дүүргийн Ахмадын хороо, хороодын ахмадын зөвлөлүүд болон дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч “Хамтдаа үйлдвэрлэж туршлагаа солилцъё” үзэсгэлэн, худалдаа сургалтыг улирал бүр зохион байгуулж тогтмолжлоо. Ахмадын хороо, зөвлөлөөс гаргасан саналыг дүүргийн ЗДТГ дэмжиж хамтран ажиллаж ирлээ. Тухайлбал, дүүргийн Засаг даргын дэргэд Ахмад үйлдвэрлэл эрхлэгчдийн орон тооны бус зөвлөлийг дүүргийн Ахмадын хорооны даргаар ахлуулан байгуулахаар тогтсон. Бүрэлдэхүүнд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэх төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Засаг даргын зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж эхэллээ.
Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар ахмадууд төсөл хөтөлбөр бичиж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 165 ахмад үйлдвэрлэгчид болон соёлын өв тээгчид 525.6 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт хамрагдаад байна. Тэдний хувьд өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй үр, ач болон эргэн тойрны хүмүүстээ зааж сурган, өвлөн уламжлуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Мөн угийн бичиг хөтлөх аргачлалыг зааж сургах хөтөлбөр, үндэсний уламжлалт шагайн харвааг дэмжиж тус бүрд нь таван сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт олгож ажилласан байна.
-Улс орны хөгжлийн үндэс нь эрүүл, боловсролтой иргэн. Таны хувьд эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
-Нэн тэргүүнд дүүргийнхээ эмнэлгийн байрыг шинэчлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ. Чингэлтэй дүүргийн эмнэлэг зориулалтын бус байранд байрладаг, мөн диализын аппаратгүй цор ганц дүүргийн эмнэлэг болчихоод байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 онд эмнэлэг барих шийдвэр гарсан ч газрын асуудалтай холбоотой өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг баригдаагүй. Бид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд энэ асуудлыг тавьж, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжилт гаргаж, 10-р хороо буюу “Дэнжийн 1000”-д 2.8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгалаа. Ингээд Азийн Хөгжлийн банкны 30 сая ам.долларын санхүүжилтээр жишиг эмнэлэг баригдах боломжтой боллоо. Ингэснээр дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах боломж бүрдэнэ. Мөн одоо ажиллаж буй эмнэлэгтээ өргөтгөл хийж томруулна. Улсын хөрөнгө оруулалтаар Хайлаастад баригдаж буй амбулатори 2023 онд ашиглалтад орно. “Эрт илрүүлгийн төв” баригдаад эхэлчихсэн. Үүнээс гадна дүүргийнхээ хоёроос гурван хорооны дунд жишиг өрхийн эмнэлэг байгууллаа. Үүний үр дүнд эмчийн тоо нэмэгдэж, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй болж байна.
Эх сурвалж: "Ахмад үе" сонин
Сэтгэгдэл ( 0 )