Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр өчигдөр /2023.06.06/ БШУЯ, ХХААХҮЯ, ЭМЯ хамтран "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгууллаа.
Чуулганаар манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч, хүмүүжиж буй 1.2 сая орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг ярилцсан юм.
Дэлхийн 169 орны 388 сая хүүхэд сургуулийн үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг. Харин Монгол Улсын тухайд сургуулийн орчинд 2006 оноос эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн.
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан бол 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 орчим мянган хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд 176.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Боловсролын орчин дахь үдийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, оюуны чадавх эрс сайжирч, хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдэж, өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгээс харж болно.
5 хүртэлх насны хүүхдүүдийн 61 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, 26.6 хувь нь цус багадалттай, 27,7 хувь нь төмөр дуталтай болохыг Эрүүл мэндийн дэд сайд илтгэлдээ дурьдаж байлаа. Мөн 6-11 насны сурагчдын 7.3 хувь нь өсөлт хоцролттой, 2.8 хувь нь туранхай, 28.6 хувь нь илүүдэл жин, тагралалттай байгаа нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал болж байна.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байгаа бол нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хүртээмж, хэрэглээтэй шууд холбоотой. Тийм учраас Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 29-ний 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна" хэмээлээ.
Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд 2475 төгрөг байна. Энэ зардлыг нэмэгдүүлэхийн тулд аав ээж асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан 27956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-иудын 597 нь зориулалтын гал тогоотой байсан бол 224 нь зориулалтын бус, хүрэлцээгүй хүчин чадал бүхий гал тогоотой байжээ. Огт гал тогоогүй 9 сургууль байна. 2022 оны 12 сарын байдлаар 75 хоол зүйч, 1276 тогооч, 464 туслах тогооч, туслах ажилтан ажиллаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс хоол зүйч 15 дахин, тогооч 12.9, туслах тогооч, туслах ажилтан 34.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хэлж буйгаар дээрх нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг 4500-6000 төгрөгт хүргэвэл хүүхэд хоол хүнснээс авах ёстой шим тэжээлээ авна гэсэн тооцоо гарчээ.
Тэрээр "Хүүхдийн хоол гэдэг ганцхан хоолны асуудал биш. Хүүхдийн боловсролын асуудал, хүүхдийн эрхийн асуудал гээд олон зүйл хөнддөгддөг учраас үүнийг Үндэсний аюулгүй байдлын асуудал гэж ойлгож болно.
Цэцэрлэгийн насны 270 мянган хүүхэд өнөөдөр цэцэрлэгийн хоолоор дамжиж өдөр авах ёстой нийт илчлэг калорынхоо 70-80 хувийг авдаг. Энэ бол хамгийн чухал гэсэн үг.
1-5 дугаар ангийн хүүхдүүд 380 мянган хүүхэд өдөрт авах ёстой илчлэг тэжээлийн 30-40 хувийг үдийн хоолоор дамжиж авах ёстой. Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, өтгийг харахад цэцэрлэгийн хүүхэд ч адил, бага ангийн хүүхдүүд ч адил хоол тэжээлээс авах ёстой шим тэжээлийн 50-хан хувийг авч байна.
Чанартай хоол бол мэдээж өртөгтэй байна. Тиймээс хоолны чанарыг дээшлүүлэх гол зорилго бол цэцэрлэг болон сурагчдын үдийн хоолны өртөг үнэ тарифыг зах зээлийнх нь өртөгт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд оруулах зайлшгүй шаардларгатай юм байна.
Төр дангаараа үдийн хоолны асуудлыг нуруун дээрээ үүрээд явна гэж байхгүй. Нэг талаасаа эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо байх ёстой. Нөгөө талаасаа төр, хувийн хэвшлийн зөв түншлэл байх ёстой. Өмнө нь нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь дандаа түрээсийн гал тогоотой байсан учраас хүүхэд бүтэн аяга хоол идэх ёстой байтал түрээсийн гал тогоотой сургуулиуд тал аяга хоол өгч байна гэсэн үг. Тал нь түрээсийн гал тогоо руу явчихаж байна гэсэн үг. Тэгэхээр бид төрийн өмчийн сургуулиуд дээрээ сургуулийн өөрийн гал тогоог бий болгоё. Гэхдээ гал тогоог бий болгоход 100 хувь төр ачаалал авахгүйгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийе. Ингээд төр, хувийн хэвшлийн түншилсэн хэлбэрээр хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулах зөв шийдлүүд байна" гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хүүхдийн хоол хүнсний хангамжийн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хүнсний үйлдвэрийн хүчин чадал, техник технологийн чадавхыг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хүүхдийн хоол, хүнсний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэсэн зээлийг олгож байгаа. Мөн Азийн сүүний түншлэлийн байгууллагатай хамтран “Хүүхэд бүрд сүү” санаачилгыг хэрэгжүүлэх, сүүний салбарын аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдийн сүүний хэрэглээг хангахад зорилго, чиглэлээ нэгтгэн ажиллаж байна" гэлээ.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН
Сэтгэгдэл ( 0 )