Д.Амарбаясгалан: БЗС-аас зээл олгох шат дамжлагыг бүрэн цахимжуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.06.07/ боллоо. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 
 


Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар нийт 46 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Дан ганц Боловсролын зээлийн сан гэлтгүй сангуудын үйл ажиллагааг ил тод болгох ажлыг Засгийн газраас зохион байгуулж байна. Цаашид сангуудын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, ямар шударга зарчим дээр үндэслэж олгож байх вэ гэдэг асуудлыг төлөөлүүлэн Боловсролын зээлийн сан дээр загварчлалыг гаргалаа.

Боловсролын зээлийн санг хоёр түвшинд авч үлдэх хэрэгцээ, шаардлага байна.

Нэгт, энэхүү сангаар төр, хувийн хэвшил ч тэр дэлхийд дээгүүрт үнэлэгддэг сургууль, мэргэжлээр боловсрол эзэмшдэг тэр нөхцөл боломжийг бүрдүүлдэг, тэтгэлэг өгдөг чиглэл нь байх ёстой.

Хоёрт, энэ сангаар гадаад, дотоодод их дээд сургуульд суралцахдаа амьдралын боломжгүйгээс болж зээл авч суралцах, эргэж зээлээ төлдөг байх ажлыг хэрхэн хийж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тэтгэлгийн зээлийн хэвийн үйл ажиллагааг хангахад Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа чиглэгдэж байх ёстой юм байна гэдгийг харж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авахын тулд 11 шат дамжлагыг дамжиж байна. Тэрний тав нь БШУЯ-нд, дөрөв нь Боловсролын зээлийн сан дээрээ, хоёр нь банканд дээр үргэлжилдэг. Энэ 11 шат дамжлага бүр нь хүний оролцоотой байсан байна. Тиймээс Засгийн газраас долоо хоногийн дотор бүрэн автоматжуулсан системд нэвтрүүлнэ. Журам, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийж, иргэн бүр нээлттэй зээл, тэтгэлэгт хамрагдаж байх нь зөв гэж үзэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.6) 2023 оны 06 сарын 07

Хугацаа нь урт, хүүгүй зээл байх ёстой шүү. Ингэж л бид боловсролдоо маш том хөрөнгө оруулна. Түүнээс биш тэтгэлэг гэсэн нэрээр тэглээд байж болохгүй шүү дээ. Хэний мөнгийг хэн зүгээр аваад хармаалах ёстой юм бэ. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү дээ. Тэтгэлэгийг бид тухайн сургуулиас эсвэл тухайн улсаас, мөн том компануудаас л олж авах ёстой шүү. Олон нийтэд нээлттэй, автоматжуулах нь бол зөв л байх.

1  |  0
Top