Киргиз улстай байгаль орчны салбарт хамтарч ажиллана

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жаныбаевич, Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн төслийн багийн төлөөлөгчид болон Киргиз улсын Байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд иргэний нийгмийн төлөөллүүд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцон, Монгол улсад 3 хоног хамтран ажиллалаа.

Албан томилолтын хүрээнд Монгол Улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагаас хуваалцан, манай улсад хэрэгжиж буй ОУ-ын төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, сургалт, уулзалтуудыг хийв.

Энэ удаагийн албан томилолт хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн ч үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэл болж байгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх дүгнэж уулзалтын үеэр онцоллоо.

Цаашид хоёр улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр мэргэжилтэн, шинжээчдийн мэргэжлийн болон техникийн чадавхыг бэхжүүлэх, ногоон санхүүжилт татах асуудлаар туршлага солилцох, биологийн олон янз байдал, зэрлэг амьтад, тусгай хамгаалалттай газар, ойн экосистем, тэр дундаа уулархаг экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, цэвдэг, мөсөн голыг хамгаалах, доройтсон бэлчээрийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах ажлын эхлэл тавигдлаа хэмээн талууд үзэж байна.

Хоёр улс уул уурхайн нөхөн сэргээлтийн салбарт харилцан туршлага солилцох дараагийн уулзалтыг энэ оны 09 дүгээр сард Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулах боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top