Монголчууд “Саалиа хураахаар саваа бэлд” гэж хэлдэг. Сааль хэчнээн базаавч агуулж хураах савгүй бол хаанаа шингээх вэ гэдэг бодох л хэрэг.
Түүний адилаар УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохыг эрхэм түшээд ҮХНӨ-өөр хэлэлцэн баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нотлон баталгаажууллаа. Тэгвэл ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар тойрогт ялах нь ялж, намын нэрээр авсан саналаар хувь тэнцүүлэх зарчмаар орж ирэх нь ирэх 126 гишүүнийг Төрийн шаргал ордон хаанаа шингээх вэ.
Одоогийн чуулганы танхим 76 гишүүндээ л таарна. Дээр нь 50 хүн нэмэгдээд ороод ирвэл сандал суудал нэмж чигжлээ ч агаар дутагдаж даралт нь хөөрч, ээлжилж ухаан алдсаар таарах биз. За тэгээд суудлыг олшрууллаа гэхэд Лаосын бэлэг үнэт сум модон ширээг 50-иар нэмэх гэж Зандан модны / Нийслэл Вьентьян хотын нэр/ нутаг руу захиалга өгөх үү.
Ингээд бодохоор өнөөгийн Их Монгол танхим буюу хуучин нэрээр Ардын Их Хурлын чуулганы танхимыг засаж янзалж УИХ-аа багтаах хувилбар гарч таарах нь. Гэхдээ тус танхимын өнөөгийн засал суудал чуулганы хуралдаан явуулахад тун ч таарамж муутай. Тэгэхээр 2024 оны сонгуулиас өмнө энэ танхимыг бүрэн шинэчилж, дугуй хэлбэрт оруулан ширээ сандлыг засахаас эхлээд олон ажил ундрах нь мэдээж. Лаос сум модон ширээ, сэнтийд тухалж сурсан эрхмүүд түүнээс дордохгүй эд хогшил нэхэж улсын сан хөмрөгөөс дундлана гэх вий.
Тэгээд зогсохгүй, гишүүдэд суух өрөө дутагдана. Гишүүн бүр нэг өрөөтэй байхаас гадна дээр үеийн гишүүд шиг туслах, зөвлөхүүдтэйгээ ганц тасалгаанд багтаад суухыг таалахгүй л болов уу. Өнөөгийн 76 гишүүндээ хомс хүрэлцээтэй өрөөг нэмэхийн тулд Төрийн шаргал ордныг парламентынх л болгож таарах нь. Өнөөгийн чуулганы хуралдааны танхим ёслол хүндэтгэлийн ч юм уу, арга хэмжээний өрөө л болох байх. Байнгын хорооны танхимууд ч давчдах л бий.
Арай бүл цөөтэйг нь бодож Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Их тэнгэр тийш нүүлгэх яриа дуулдсан. Засгийн газрыг ч шилжүүлэх талаар яриа гарч буй ч одоогоор товлосон газар алга шиг байна.
Ингэхэд “Мартсанаас мал мэнд үү” гэгчийн үлгэрээр олон жилийн өмнө Кувейтээс бэлэглэсэн Парламентын ордон барих мөнгө хаачсаныг энэ далимд асуух хэрэгтэй.
УИХ-ын 2008 оны сонгуулийн урьд жил Кувейт улсаас Монголын талд парламентын шинэ ордон барихад зориулан буцалтгүй тусламжаар 12 сая ам.доллар бэлэглэсэн нь бараг мартагджээ. Тэр үедээ бол ордон барих хэмжээний мөнгө байв. Сүүлдээ ханшийн зөрүүгээс болж ордонд хүрэлцэхээ болив гэлцэх болсон. УИХ-ын гишүүн асан К.Сайраан Монголоос Кувейтэд суух анхны Элчин сайд болж очоод Парламентын ордон барих дээрх мөнгийг бэлэглэхэд түлхэц үзүүлсэн гэдэг. Мөнгө ч Монголын талд ирэхээр болж парламент шинэ ордонтой болох шийдвэр гарч байлаа. Бүр зураг төсөл нь гарч байсан ордон шүү. Барих барихдаа 14 давхар ордон сүндэрлүүлж, сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл дамжуулах бүрэн тоног төхөөрөмжтэй тусгай танхимыг тавдугаар давхарт байгуулна гэж хэвлэлийн хурал хийж ч байлаа.
Газар олдохгүй юм шиг тус ордныг заавал Төрийн ордны арын цэцэрлэгийг нурааж байж барина гэсэн нь харин иргэдийн болоод УИХ-ын зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарч байв. Сүүлдээ цэцэрлэгийн мод, бут, сөөгийг хөндөлгүй дөрвөн багана дээр дөндийсөн, Орос ардын үлгэрт гардаг шулам эмгэний байшин маягийн юм барина гэж нэг хэсэг шуугисан. Их тэнгэрт барина, Парламентыг Хархорин руу шилжүүлнэ гэж ч бужигнасан. Сүүлдээ Дархан хавьд УИХ-ыг төвхнүүлнэ гэж байгаад мартагдсан.
Яадаг ч байсан УИХ-д өрөө тасалгаа, хуралдааны танхим дутах нь гарцаагүй болсон энэ үед мөнөөх Кувейтээс өгсөн 12 сая ам.доллар хэрхэснийг сураглах учиртай. Шинэ ордны зураг төсөл хийхэд түүнээс зарцуулсан гэх яриа дуулддаг. Зарлаа зарлаа гэхэд багагүй хэсэг нь үлдсэн л байж таарна. Шинэ ордон барьдаггүй юм гэхэд үлдсэн мөнгөөр шаргал ордноо засаж тохижуулахад буруугүй л байх гэснээс 2007 оноос хойш хэдэн парламентын нүүр үзсэн тэр мөнгө хаачиж, хэний гараар орж, бүр угаагдсан байж болох вэ гэдэг асуултад хариу нэхэх ёстой болоод байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Ханаж цадахаа мэдэхгүй малнуудын агаар багадаж даралт нь ихсэх, хаана яаж суух хэнд хамаатай юм бэ
УИХ- г Хар хорин луу нүүлгэж гэрт байршуулъя. дараа нь тэнд ордонгоо барь
энэ хөгийн саарал ордонтойгоо налайхын хонхор руу нүүгээрэй новшнууд
126 гэдэг тоо ард түмний сонголт биш шүү ард түмэн дэмжээгүй байгаа шүү
УИХ шинэ ордонтой болох хэрэгтэй. Монголын төр төмбөгөр шүү. Шууд зургийг батлаад зардлыг батлаад зарим тохиолдолд хандив, тусламж авч болно шүү дээ. Бас дотроо Монголын төрийн музей ч байгуулж болно.