Засгийн газрын өнөөдрийн хуралдааны мэдээллийг өгөх үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан автозам засвар, арчлалтын /АЗЗА/ компаниудыг татан буулгаж, нэгтгэх болсонтой холбоотой дараах мэдээллийг өглөө.
/2023.06.14/
Тэрээр "Автозам засвар, арчлалтын /АЗЗА/ компанийг татан буулгаж, нэгтгэх болсонтой холбоотой Үйлдвэрчний эвлэл, ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж, Засгийн газарт шаардлага ирүүлж байгаа юм билээ. Хараахан шаардах бичгийг аваагүй байна.
Ард иргэдийн зүгээс гурван зүйлийг маш тодорхой ойлгож байна.
Нэгдүгээрт, Төр бол муу менежер байдаг гэдгийг үеийн үед ярьж ирсэн. Төр өөр дээрээ бүх аж ахуйн нэгж үйлчилгээний ажлыг татан төвлөрүүлж хийх сонирхол нь давамгай явж ирснээс болоод салбарууд хөгжихгүй байна. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд хөгжих дэвжих боломжийг олгохгүй байна гэдэг нэг асуудал. Тэр ч утгаараа төр зам арчлалт, бохир соруулах, цэцэрлэгжилт гээд бүх үйл ажиллагааг өөр дээр авч явах гэж хичээгээд байсныг энэ Засгийн газар төр үүнээс татгалзаж, хувийн хэвшлээр илүү үр өгөөжтэй, бүтээмжтэй аж ахуйн үйлчилгээний хийлгэдэг болгоно гэдэг зорилтыг дэвшүүлж байгаа.
Өнөөдрийн байдлаар хувийн хэвшилд байгаа Автозам засвар, арчлалтын компани төрд байгаа Автозам засвар, арчлалтын компани хоёрын хооронд бүтээмжийн хувьд 4:1 гэсэн харьцаатай байна.
Хоёрдугаарт төрд байсан 20 АЗЗА компанийн нэгхэн компани нь 30 орчим хувийн ашигтай ажилласан. Бусад 19 компани бараг ашиггүй ажилласнаас 8 нь алдагдалтай ажилласан. Тэгэхээр төр өөрөө үүнийг нуруун дээрээ үүрээд явах шаардлагагүй, хувьд шилжүүлснээр илүү бүтээмжтэй байж ажилчдад илүү цалин олгодог байх сонголтыг төр хийж байгаа юм.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас батлагдсан тогтоолоор олон нийтэд нээлттэй болгох Төрийн өмчит компанийн жагсаалтад АЗЗА компаниуд бүгд орсон. Тэдгээрийн компаниудыг нэг бүрээр нь олон нийтэд нээлтэй болгох гээд явахаар нэгдүгээрт ашиггүй ажиллаж байгаа, хоёрдугаарт эргэлтийн хөрөнгөгүй. 1-1,5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй компаниудыг сонирхож хөрөнгө оруулах хувийн хэвшил, иргэн байхгүй байна. Тиймээс Засгийн газраас эдгээр 20 компанийг нийлүүлээд, нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, үндэсний хэмжээний нэг компани болгоно. Улмаар санхүүгийн шаардлагыг нь хангасны үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр улиралдаа багтаагаад олон нийтэд нээлттэй болгох ажлыг зохион байгуулж чадна гэж зорьж байгаа.
Энэ хүрээнд АЗЗА компанид ажиллаж байгаа ажилчдын эрх ашиг төдийлөн хөндөгдөхгүй. Техник, тоног төхөөрөмж нь сайжрах, хөрөнгө оруулалт хийх боломж нь бүрдсэнээр илүү бүтээмжтэй болох нөхцөлийг хийж өгч байна гэж ойлгож болно.” гэв.
Сэтгэгдэл ( 0 )