Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Юнеско бүртгэлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

2023 оны зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар хурлын зургаадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа.

Онон-Балжийн БЦГ нь Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Тус газар нутгийг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр уг газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд хамтран ажилласан БОАЖЯ-ны ТХГНБЗГ-ын хамт олон, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны хамт олон болон тус ажилд хувь нэмэр оруулсан бусад бүх байгууллага, хүмүүст ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс ТАЛАРХАЛ илэрхийллээ.

Монгол Улс нь Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Увс нуурын ай сав газрыг 1996 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд тус тус бүртгүүлсэн. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газар болгон бүртгүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top