Аялал жуулчлалын мэргэжил сонголт 2007 оноос хойш 87 хувийн бууралттай байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөлөлтэй хийх 8 дахь “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-ыг аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг Их, дээд сургуулийн төлөөлөл, ажил олгогч аж ахуйн нэгж, оюутны төлөөлөлтэй “Аялал жуулчлалын салбарын хүний нөөц, тогтвортой байдал” сэдвийн хүрээнд хийж байна.

Аялал жуулчлалын салбар ковид цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны бааз 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алдсан байна. Харин энэ чиглэлийн мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг ба 2007 онд 7251 оюутан төгсөж байсан бол 2022 онд 979 болж буурсан үзүүлэлттэй байна. Учир нь аялал жуулчлалын салбарыг зөвхөн зуны 3 сард ажилладаг, тогтвортой ажлын байр байхгүй, суралцагчдын ихэнх хувь нь Улаанбаатар хотоос байдаг ба тэд орон нутагт ажиллах хүсэлгүй, гаднын оронд суралцаж, ажиллахыг илүүд үздэг байна.

 

МОНГОЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЧИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН НЬ 60000 МЯНГАН ДОЛЛАР БАЙНА

 

Иймд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж энэ чиглэлийн мэргэжил сонгон суралцаж буй оюутнуудад 400.000.000 сая төгрөгийн тэтгэлэг зарласан ба элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/орон даяар өрнөж байгаа энэ үед мэргэжил сонголтод аялал жуулчлалын салбарыг сонгох нөлөөллийн аяныг эхлүүлж байгааг онцлов.

Мөн хөдөө орон нутгаас аялал жуулчлалын салбарыг сонгох, орон нутгийн онцлог, брэндинг бий болгох, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын компаниуд зөвхөн зуны гурван сард жуулчин авдаг биш жилийн дөрвөн улиралд авдаг байх, тогтвортой аялал жуулчлал, ажлын байр бий болгох нэн шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд хэллээ.

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, Уур амьсгалын өөрчлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Цэрэндулам, ТЗУГ-ын дарга Б.Баярмаа, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, МСҮТ-ийн захирал А.Халиунаа, Монголын аялал жуулчлалын холбооны дэд дарга Д.Отгонбаяр, Хөтөч тайлбарлагчдын холбооны зөвлөх М.Нарангэрэл, Зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, болон СЭЗИС, ХААИС, МУБИС, Сити их сургууль, Их засаг ОУИС, Аялал жуулчлалын ур чадварын сургууль, Глобал удирдагч ИС, БОАЖ-ын Сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд болон мэргэжлийн ангийн судлаач оюутнууд оролцож байна.

Аялал жуулчлалын хөгжлийн төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top