Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой найман асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас 2023 оны зургадугаар сарын 16-нд баталсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой дараах найман асуудлыг хэлэлцүүлж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлүүллээ. Үүнд:
1.Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2014 оноос хойш есөн жилийн дараа шинэчлэн баталж, ижил ажил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү ойртохоор боллоо.
2.Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550.0 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440.0 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
3.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 350 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоов.
4.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгохоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн долдугаар сарын олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө иргэдийн дансанд шилжүүлэх бөгөөд 2023 оны 1-6 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар мөн нөхөн олгоно.
5.Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлнэ. Уг арга хэмжээний үр дүнд:
6. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ шинэчлэгдэж, албан тушаалын хамгийн бага цалингийн хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж байгаатай уялдуулан баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн Засаг дарга, түүний орлогчийн цалингийн хэмжээ нэмэгдэнэ.
7. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.
8. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгохжурам”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.
Сэтгэгдэл ( 6 )
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ЧИНЬ БАС ЭНГИЙН ГЭСЭН АНШИЛАЛААР ХОЁР ЯНЗЫН ТЭТГЭВЭР АВААД БАЙГАА БА ИЗ ДЭЭ. БУСАД САЛБХРУУД Ч ГЭСЭН ИЖИЛ МЭРГЭЖИЛТЭЙ ХҮМҮҮС ОДОО ХОЁР ДАХИН ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙГАХ ШҮҮ ДЭЭ. ЯАГААД НЭМЭХГҮЙ БАЫГАА ПМ. ЭНЭ ХҮМҮҮСИЙГ СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ ГЭЖ ТООЦОЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. ЗАВСАР НЬ ХАЯГДСАН ХҮМҮҮС ХАРИН Ч СОНГУУЛЬД ОРОЛЦООД МАНЫ ЭСРЭГ САНАЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЫНА ШҮҮ
Za yamar baisan nemegdeh yumshig bna tegeed daagaad yumnii vn heterhii aimar bgaa ishdee dvndeel dvn dee aimaar bodlog shvv ene hvmvvs
Үнийг хавтгайруулан үндэслэлгүйгээр байнга нэмдэг үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэл хийж зогсохгүйгээр ямар ч хэмжээгээр хэдэн ч удаа цалин тэтгэврийг нэмээд олигтой\nнэмэр болохгүй. Энэ нэмэлтийг дагуулаад дахиад л үнэ нэмнэ.Хууль гаргаж торгууль,татварын хөшүүрэг ашиглаж\nүнэ нэмэлтийг хязгаарладаг арга бий болгож хэвшүүлэх хэрэгтэй!!!!
Ijil ajil mergejleer oiroltsoo ajiillasan gexeer deed surguuliin bagshaar ajillaj baisan xuniix nileed usux yostoi. Coefficienteer usnu gexeer bugd usux yostoi. Xarj l baiya daa.
Засаг даргын тамгын газар босоо агентлаг хоёрын цалингийн зөрүүтэй асуудлыг шийдвэрлэн ижил түвшинд хүргэх асуудал юу болсон\n
Энэ нэмэлтээр ард түмний амьдрал дээшлэх үү? Лөөлөө л байна. үнийн өсөлтөө барьж чадахгүй байж сонгогчдын санал авах, тархи угаах зорилготой, бяцхаан пиар л байна л даа.