Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ боллоо. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-аар Боловсролын багц хуулийг баталсан. Шинэ хуулийн эрх зүйн орчинд нийцүүлэн хичээлийн шинэ жилээ зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 68 сургууль бий. Тухайн сургуулиудад 50 мянга гаруй хүүхдийн асуудал байгаа юм. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 33 мянган хүүхдийн асуудал байна. Яагаад нэг ангид 50-60 хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүсэв гэдгийг тогтоох ажлыг хийсэн. Гурван үндсэн шалтгаан байсан гэж бид тогтоосон.
Нэгдүгээрт, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Жил бүр 35-40 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа болохоор дунд, ахлах ангид тодорхой ачаалал үүсэж байна. Тиймээс шинэ хичээлийн байр, анги танхимын хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй төлөвлөлт их хийдэг. Газаргүй, зураггүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаагаас болж сургууль, цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүй хүлээгдэж байна. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдааг нэрлэж байна. Улаанбаатарт сургуульгүй 50 хороо байна. Цэцэрлэггүй 17 хороо байгаа. Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд бодлогын ямар арга хэмжээ авах талаар баримт бичгүүд гаргаж байна. Энэ ондоо багтаан хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Барилгын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )