Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.13/ боллоо.
Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны есдүгээр сарын 5-7нд “Цахим Таллин Чуулган 2023”, наймдахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, өндөр технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, техник технологи болон бусад арга хэмжээг авч Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад үүрэг болголоо.
НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” байгууллага Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх чармайлтыг үнэлэн “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээжээ. Монгол Улсын төлөөлөгчид чуулганд оролцох хугацаандаа Эстони Улсын цахим шилжилтийн өнөөгийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоожээ. Тухайлбал, Эстонийн “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчилж, Зөвшөөрлийн цахимжилт, ”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Хуралдааны дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байраар урагшилж, 74 дүгээр байрт орсон. Энэ үзүүлэлт цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулна. Тоон гарын үсгээ хэрэглэж байгаа 800 гаруй мянган иргэд байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шилэн ажиллагааг явуулсан. Үүнийг олон улсад өндрөөр үнэлж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 үйлчилгээг нэвтрүүлсэн. Монгол хүний уураг тархиас бүтсэн олон программ хангамжийг бүтээсэн инженерүүдийн хамтын бүтээл, өргөмжлөлийг гардуулсан" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )