Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.13/ боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургацын урьдчилсан балансыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана
Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдлээ.
Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 79 мянган тонн буюу 19 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар, жимс, жимсгэнэ 1.0 мянган тонн буюу 25 хувиар өсөхөөр байна. Улаанбуудайн үр технологийн шинэчлэл хийсний дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэж чанарын дэвшил гарлаа. Нэгжийн ургац сүүлийн арван жилийн үзүүлэлтээр хамгийн өндөр байна. Хүнсний ногооны борлуулалтад урамшуулал олгох, үрийн дэмжлэг, техникийн хөнгөлөлт үзүүлсний үр дүнд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 18.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Сайд Х.Болорчулуун "Энэ жил ургацын бланс эерэг өөдрөг гарч байна. Үр тариа хагас сая тонныг хурааж авах тооцоо гарсан. Төмс 100 хувь дотоодоос хангана. Хүнсний ногооны хангамж 82 хувь хүрсэн. Энэ нь 1992 оноос хойш ийм өндөр үзүүлэлт байгаагүй. Цаашид 100 хувь хангах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Тосны ургамал 65 мянган тонныг хурааж авна. Ургац хураалтад 10 мянга гаруй оюутан, сурагчид ажиллах төлөвтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Оюутнуудын хичээоийг 8сарын 15нд эхлүүлээд 9сарын15 наас тариа хураалтын ажилд 14 хоног явуулдаг байж болхоор шүүдээ