Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.13/ боллоо.
Хуралдаанаар Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд Америкийн Нэгдсэн Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан болно.
“Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ийнхүү байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр манай улсын иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.
Хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчисан. Энэ үеэр АНУ, Монголын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулсан. Өнгөрсөн оноос АНУ, Монгол хоёрын хооронд шууд нислэгтэй болох саналыг тус улсын зүгээс байнга тавьдаг байсан ч Монголын тал зөвшөөрдөггүй. Ирэх оны эхний хагас жилдээ багтаан АНУ-ын Сан Франциско хот руу Монгол Улсаас шууд нислэг үйлдэх бололцоотой болно. Үнийн хувьд 1000-1500 ам.доллар, нислэгт царцуулах цаг 10-12 цаг байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
АНУ-ЫН БАРУУН ЭРГИЙН КАЛИФОРН МУЖИЙН САНФРАНЦИСКО ХОТРУУ ШУУД НИСЛЭГ ХИЙХ БОЛ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ. ТЭНД ОЙРОЛЦООГООР 6000 МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ОРШИН АМЬДАРЧ БАЙДАГ, МОНГОЛЫН КОНСУЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ, УРАГШАА АСАР ТОМ ЛОС-АНЖЕЛОС, ХОЙШОО СИЭТЛ ХОЁРЫН ЯГ ДУНД НЬ ОРШДОГ ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХОТ. 2 ХЭТ ИХ ГҮРНИЙ ДУНД ОРШДОГ ӨЧҮҮХЭН МОНГОЛД 3 ДАХЬ ХӨРШ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. МОНГОЛЧУУД ТӨВИЙГ САХИСАН ДИПЛОМАТ БОДЛОГОО БАРИАД ЯВЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ.
АНУ-ч нэг их найзлаад байхаар улс биш дээ.