ОХУ-ын Засгийн газар Беларусь, Казахстан, Киргизстан, Армениас бусад улс руу ШАТАХУУН ЭКСПОРТЛОХГҮЙ гэж мэдэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

ОХУ нефтийн экспортоо энэ оны тав, зургадугаар  сарын  дундаж түвшинтэй харьцуулахад  өдөрт 300,000 баррелиар бууруулахаар болж буй талаар тус улсын  Ерөнхий сайдын орлогч Александр Новак есдүгээр сарын 20-нд мэдэгдсэн. 

Тэгвэл   ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс  ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглолоо гэж Засгийн газар нь пүрэв гарагт мэдэгдсэнийг  Reuters агентлаг мэдээллээ. 

Энэ хориг нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армени, Киргизстан зэрэг орнуудад Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй шатахуунд хамаарахгүй гэж мэдэгджээ.

Засгийн газрын мэдэгдэлд, түр зуурын хязгаарлалт нь шатахууны дотоодын зах зээлийг тогтворжуулж, хэрэглэгчдэд хүрч буй үнийг бууруулна" гэж дурджээ. 

Хоригийн хугацаа нь тодорхойгүй бөгөөд цаашид авах арга хэмжээ нь зах зээлийн нөхцөл байдлаас  хамаарна гэж ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд Павел Сорокин мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top