Д.Есөн-Эрдэнэ: Цаг агаар муудаж, ургац хураалт хойшилсонтой холбоотойгоор улаанбуудайн худалдан авалтыг эхлүүлсэн

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс сэрүүсч, зарим нутгаар нойтон цас орсон. Мөн нутгийн зарим газарт хөрсөн дээрээ цочир хүйтэрсэн. Харин Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар ургац хураалтын ажилд анхаарч, явцын мэдээллийг сонсон, цаашид авах арга хэмжээг хэлэлцсэн юм. Тиймээс бид бүхэн энэ жилийн ургац хураалтын явц болоод цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.


-Цаг агаар хүйтэрч байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтын явц одоогийн байдлаар ямар байгаа талаарх мэдээллийг өгнө үү?

-Энэ жилийн ургац хураалт улсын хэмжээгээр есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үр тариа зургаа хувь, төмс, хүнсний ногооны хураалт 40 орчим хувь, тос, тэжээлийн тарималын ургац хураалт 5-7 хувьтай явагдаж байна. Харин өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад үр тарианы ургац хураалт бага, төмс, хүнсний ногооных ижил хэмжээнд байгаа. Энэ есдүгээр сарын дундуур ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо орсон нь ургац хураалтын ажлыг саатахад онцгой нөлөө үзүүллээ. Борооны улмаас ургац хураалт хойшлох, үтрэм дээр нойтон тариа буух, ургац хураалтын зардлууд нэмэгдэх зэрэг нөхцөл байдлууд үүсэж байна.

-Ийм үед тариалан эрхлэгчдийн зүгээс ямар санал ирүүлж байна вэ? 

-Ер нь ургац хураалт гэдэг өөрийн гэсэн технологийн хугацаатай. Харин уг хугацаанд хурааж дуусахын тулд зөвхөн газар тариалангийн салбарынхнаас гадна бусад салбар байгуууллагуудын хамтын хүч зайлшгүй хэрэгтэй. Тийм ч болохоор тариаланчдын зүгээс ургац хураалтад ажиллаж байгаа оюутан залуус, цэргүүдийн ажиллах хугацааг нь сунгаж өгөх хүсэлтүүдийг бидэнд нэлээд ирүүлж байгаа. Мөн үүнээс гадна эрчим хүч, шатахуун, түлшний ханган нийлүүлэлтийг тогтвортой, найдвартай байлгах хүсэлтүүд ирсэн. Үүний дагуу ХХААХҮЯ дээр ажиллаж байгаа Ургац хураалтын штаб дээр тодорхой мэдээллүүдийг аваад холбогдох яам, төрийн байгууллагуудад хүргүүлж ажиллаж байна.

-Засгийн газрын хуралдаанд явцын талаарх мэдээллийг өнөөдөр/өчигдөр/ танай яамнаас танилцуулсан гэсэн. Үүний дагуу ямар, ямар шийдвэрүүд гарсан бэ?

-Тэгсэн, Засгийн газрын хуралдаанаас дээр дурьдсан ургац хураалтад ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хугацааг нь тодорхой хэмжээгээр сунгах, ханган нийлүүлэлтүүдийг тогтвортой байлгах зэрэг даалгаврыг холбогдох яамдуудад өгсөн.

Мөн эрс хүйтэрч байгаатай холбоотойгоор ургац хураалтын талбайд мал орох тохиолдол их гардаг. Тиймээс энэ цаг үед талбайд мал оруулахгүй байх, байнгын хариулгатай байлгах тал дээр малчид маань маш онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг энэ ташрамд хэлмээр байна. Энэ ажил дээр онцгой анхаарч ажиллахыг аймаг, сум, орон нутгийн Засаг даргын тамгын газар, холбогдох албан тушаалтнууд маань ч гэсэн анхаарч ажиллах шаардлага бий. Ер нь нэгэнт ургуулаад бий болгочихсон байгаа ургацаа болж өгвөл бүрэн хурааж авах, хөлдөж, хайрагдахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг ч мөн зохион байгуулаад явж байна.

-Газар тариалан эрхлэгчдээс улаанбуудай худалдан авах ажил эхэлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорац төрийн өмчит компаниас ургац хураалтад дэмжлэг тусламж үзүүлэх хүрээнд улаанбуудайн худалдан авалтаа хийгээд эхэлсэн байгаа. Мөн газар тариалан эрхлэгч нараас 100 километр доторх улаанбуудайн тээврийн зардлыг авахгүй байх шийдвэрийг ч тус компанийн зүгээс гаргасан. Дээрээс хүйтэн бороо, нойтон цас орсны улмаас улаанбуудайн иш налах тохиолдол гардаг. Тиймээс ингэж налсан улаанбуудайн иш өргөх зориулалт бүхий иш өргөгч гэж тоног төхөөрмжийг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр худалдан авах боломжийг ч тариалан эрхлэгчдэд олгож байна. Өнгөрсөн өдрүүдэд их хэмжээний бороо орсон. Үүний улмаас хатаалга хийх зайлшгүй шаардлага үүссэн. Тийм болохоор Хөдөө аж ахуйн корпорацын харьяа дөрвөн салбар дээр байгаа хатаалгын төхөөрөмжөөр нойтон улаанбуудайг хатааж өгөх үйлчилгээг үзүүлээд явж байгаа.

-Улаанбуудайг энэ жил хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа вэ?

-Хөдөө аж ахуйн корпорац төрийн өмчит компанийн хувьд улаанбуудайг ангилалаас нь хамаарч 920 мянгаас нэг сая 100 мянган төгрөгийн хооронд худалдан авч байна. Нэмээд 100 километр доторх тээврийн зардлыг нь худалдан авагч тал хариуцна.

-Улаанбуудайн хатаалга хийж байгаа гэлээ. Үнэ төлбөргүй хийдэг үү?

-Тодорхой хэмжээний үнээр улаанбуудайн хатаалгыг хийдэг юм.

-Ургац хураалтын ажилд энэ жил оюутан залуус хэр оролцож байгаа вэ?

-Энэ жилийн хураалтад оюутнууд маань нэлээд идэвхтэй сайн оролцож байна. Одоогийн байдлаар нийтдээ 3300 орчим оюутан ургац хураалтад оролцож байгаа. Мөн ургац хураалтын ажил энэ жил хойшилсонтой холбоотойгоор технологит ажлууд нь үлдчихээд байна. Тиймээс энэ жил ажиллаж байгаа оюутнуудын ажиллах хугацааг нь сунгаж өгөх саналыг их, дээд сургуулиуд болон Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавиад яриа хэлцэл хийж байна. Хамгийн чухал нь талбайд ажиллаж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг яамны зүгээс сануулж, анхааруулсан. Мөн ургац хураалт нь дууссан бол өөр газарт техник хэрэгслүүдээ шилжүүлэн ажиллуулж, богино хугацаанд хамтарч ургацаа бүрэн хураах шаардлага байгаа ч хэлж байгаа. Дээрээс нь яамны зүгээс ногоочдоо дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулж, орон, нутаг, аймгууд ч хамтран оролцож байна.

-Талбайд ажиллаж байгаа оюутнуудын маань цалин урамшуулал ямар хэмжээнд байдаг вэ?

-Тариаланчид, ногоочид болон талбайд ажиллаж байгаа оюутнууд маань цалин, урамшууллаа хоорондоо тохирдог.

-Ажиллах хугацааг нь сунгах хүсэлт өгсөн ч оюутнууд маань зөвшөөрөхгүй бол ажиллах хүчний хувьд асуудал үүсэх үү?

-Харин тиймээ, ийм асуудал үүсэх эрсдэлтэй. Тэгэхээр оюутнууд маань аль болох ажиллахыг бодох нь чухал. Гэхдээ энэ жилийн хувьд их идэвхтэй оролцож байна. Хугацааг нь аравдугаар сарын 1 гэж байсан боловч цааш нь сунгах байх.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.184) 2023 оны 09 сарын 28

Оюутнуудын байрлах байрыг нь дулаалж , идэх хоолыг нь сайн өгвөл хжиллуулалгүй яах вэ? Эх орны бүтээн байгуулалт шүү! Нөгөө талаар идэх хоолоо бэлдэж, гадны үнэтэй буудай, хүнсний ногоо худалдаж авахгүйн төлөө зүтгэх л хэрэгтэй.Бидний үед цалин гэж өгдөггүй бид ч мэддэггүй байлаа.кк сайхан чч байж дээ. Оюутан цагийн сайхан дурсамж үлдэждээ.

0  |  0
Top