Адал явдалт аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэхэд хамтран ажиллана

2023 оны 11 сарын 07

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллага, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөгч нар “Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (ATTA)”-ны гүйцэтгэх захирал Шаннон Стоуэллийг хүлээн авч уулзлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс Ковид-19 цар тахлын өмнө 577 мянга гаруй жуулчин хүлээн авч, ДНБ-д оруулах эдийн засгийн үр өгөөж 607 сая ам.доллар байсан. Монголд зочлох жилийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг эргэн сэргээж, улмаар 1 саяд хүргэх зорилготой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 600 орчим мянган жуулчин ирж 1 тэрбум ам долларын орлого эдийн засагт оруулсан түүхэн амжилт үзүүлээд байна. Цаашид АТТА-тай хамтран байгальд түшиглэсэн адал явдалд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлэв.

Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал болох адал явдалт аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, адал явдалт аялал жуулчлалын дэлхийн чуулган, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр талууд харилцан санал солилцлоо.

Мөн “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгааг дурдаад байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох бөгөөд үүний нэг нь байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлал гэдгийг онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top