ХААН Банкны дотоодын зах зээлд анх удаа санал болгож буй Ногоон бондын андеррайтераар ажилласан “БиДиСек ҮЦК” ХК-ийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө Монгол Улсын хөрөнгийн зах зээлд анх удаа санал болгож буй Ногоон бондын хөтөлбөрийн андеррайтераар ажиллаж, 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэнд баяр хүргэе. Ногоон бондын эрэлт өндөр байж, хурдан хугацаанд арилжаа явагдаж дууссан шалтгааныг таны хувьд хэрхэн үзэж байна вэ?
-Баярлалаа. Хөрөнгө оруулагчдын голчлон хардаг чухал зүйлсийн нэг бол санхүүжилт босгож байгаа байгууллагын буюу үнэт цаас гаргагчийн найдвартай байдал, туршлага, зах зээлд эзлэх байр суурь байдаг. ХААН Банк бол Монгол Улсын санхүүгийн салбарт тэргүүлэгч, ашигт ажиллагаа болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд тогтвортой, хүчирхэг найдвартай банк. Нөгөөтэйгүүр зах зээлд тохирсон, сонирхол татсан бүтээгдэхүүн санал болгож байгаа нь харилцагч хөрөнгө оруулагчдын сонирхлыг их татаж байна гэж харж байна.
Мөн компанийн засаглал, тайлагнал, ил тод байдал, компанийг удирдаж буй менежмент, хүний нөөцийн тогтвортой байдал зэрэг нь хөрөнгө оруулагч талуудын онцлон хардаг зүйлс болоод байна. Энэ ч утгаараа ОУ-ын зээлжих зэрэглэл тогтоосон олон улсын нэр хүнд бүхий Аудитын байгууллагуудаар хөндлөнгийн үнэлгээ дүгнэлтүүдийг байнга гаргадаг нь хөрөнгө оруулагчдийн зүгээс тодорхой, богино хугацааны ашиг гэж харахаас илүүтэй тогтвортой, удаан хугацааны өсөлтийг чухалчлан харсан болов уу.
-Яагаад ногоон бонд гэж?
- Ногоон бонд гаргах зөвшөөрлийг зүгээр нэг нэрлээд авчихдаггүй. Энэ хүрээнд ХААН Банк эх үүсвэрийн ашиглалт зарцуулалт, түүний тайлагналыг хэрхэн хангах зэрэг бичиг баримтуудыг маш удаан хугацаанд боловсруулсны үндсэн дээр олон улсын Sustainable Fitch агентлагаас ногоон бонд гэдэг баталгаажуулалтыг амжилттай авсан. Ногоон санхүүжилт, тогтвортой санхүүжилт гэх ойлголтууд бидний хувьд шинэлэг хэдий ч үүнийг ашиглан хувь хүмүүс, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүч, цэвэр усны хэрэглээний хэмнэлт гэх мэт сахилга батыг суулгаснаар бидний ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх байгаль орчноо хамгаалан авч үлдэхэд эерэг нөлөөтэйгөөс гадна давхар эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх боломж бас бий.
Энэ талаар 2022 оны 12-р сард хэвлэгдсэн Economic Analysis and Politics номд дурдагдсан судалгааны хүрээнд ногоон бонд нь дэлхийн эдийн засагт 4,9 хувийн өсөлт үзүүлснийг дурдах нь зүйтэй.
-“БиДиСеК ҮЦК” ХК урд өмнө маш олон томоохон хэмжээний IPO, бондыг олон нийтэд санал болгон арилжаалах төслүүд дээр амжилттай ажиллаж байсан. Ногоон бондын төслийн хувьд онцлог зүйл юу байна вэ?
-Маш олон давуу талууд байгаагаас дараах хэд хэдэн зүйлсийг чухалчилж хэлмээр байна. ХААН Банк бол маш том хэмжээний, санхүүгийн салбарт тэргүүлэгч, хүчирхэг засаглал, удирдлагын баг бүхий шилдэг хамт олон юм. Бид ийм хамт олонтой хамтарч ажиллаж байгаагийн хувьд суралцах, хөгжих зүйл байнга гарч ирдэгт талархалтай байдаг.
Бидний хувьд санхүүжилт хүссэн жил бүр 40-60 орчим судалгаан дээр ажиллаж шаардлага хангасан компаниудад IPO хийх, Нээлттэй хаалттай бонд гаргах, яаралтай төслүүдэд хамтарсан зээлийн төсөл хийх, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үзүүлэх зэргээр яг тухайлсан санхүүжүүлтүүдийг босгож өгдөг. Ингэхдээ бид яг өөрсдөө хөрөнгө оруулж байгаа мэтээр судалж тухайн бүтээгдэхүүнүүдийг гаргадаг болохоор зах зээлд эрэлттэй хөрөнгө оруулсан иргэд байгууллагуудад өгөөжтэй байдаг. Судалгаанд бид цэвэр хөндлөнгийн зүгээс харж ямар нэг сонирхлын зөрчилгүй байдгаараа давуу талтай. Энэ хүрээнд Ногоон бонд нь хэдий шинэлэг ч улс орны ирээдүй, байгаль орчин, өрхүүдэд хэрэгтэй найдвартай, тогтвортой санхүүжилт тул эрэлт ихтэй байна гэж тодорхойлж байсан. Бидний энэ таамаглалыг баталгаажуулсан арилжаа болж өндөрлөлөө гэж харж байна. Цаашид ч компаниуд өөрсдийн үйл ажиллагаанд Ногоон ирээдүй, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, тэрхүү хэрэгцээндээ Ногоон санхүүжилтийг өргөн хүрээнд ашиглахаар төлөвлөж байгаа байх гэж бодож байна.
-Ногоон бондын зорилго, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, ач холбогдлын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгвөл?
-Монгол Улсын зүгээс дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчин нийгэмд тулгарч буй асуудлуудад эерэг нөлөө үзүүлэх, үүнд хөрөнгө оруулалт санхүүжилтийн бодлогуудыг нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон зохицуулагч байгууллагууд хууль эрх зүй, журмын зохицуулалтуудыг бий болгон ажиллаж байна. Монгол Улс нь өөрөө дэлхийд газар нутгийн хэмжээгээр 17-д ордог цөөн хүн амтай улсын хувьд эдгээр зорилтуудыг улсын төсвийн хөрөнгөөр тэр дундаа татвар төлдөг 10000 гаруй компанийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгөөр энэ асуудлуудыг шийдвэрлэхэд маш их цаг хугацаа орохоор байгаа юм. Тэгэхээр ногоон бонд гаргаснаар дэлхий нийт, тэр дундаа ногоон санхүүжилтийг дэмждэг олон улсын хөгжлийн банкууд хөрөнгө оруулалт хийх боломжтой болж, энэхүү үйлсэд Монгол Улс манлайлан оролцох боломжтой болж ирнэ. Үүнийг дагаж хөрөнгийн зах зээлийн идэвхжил явагдсанаар манай томоохон төсөл, хөтөлбөрүүд санхүүжилт татах, Монгол Улсын “Алсын хараа 2050” зорилтын хүрээнд хийгдэх томоохон ажлуудад олон улсын хөрөнгө оруулагч, хандивлагчдын анхаарлыг хандуулах боломж нэмэгдэнэ гэж найдаж байна.
- Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Монголынхоо нийт ард иргэд, хөрөнгө оруулагчдыг байгаль орчиндоо ээлтэй ногоон бизнес, хэрэглээг дэмжих, хүрээлэн буй орчныхоо сайн сайхны төлөө анхаарал хандуулж, байгальд ээлтэй амьдрах уриалгыг танай хамт олноор дамжуулан хүргэмээр байна. Та бүхний ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
eruugee unjtal shaasan pizda ve