Б.Зандраа: “Монгол малын удмын сан төрийн хамгаалалтанд байна” гэсэн томьёоллоор оруулж, хэлэлцүүлэн “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэж орсон юм

2024 оны 01 сарын 09

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Б.Зандраа: Монгол Улс гэж нэрлэх гэж байна гэсэн чинь нэг нь “Чи улсынхаа нэрнээс ардаа хасаад байхдаа яадаг юм бэ” гээд бараг зодох нь ээ

Энэ удаагийн АИХ-ын депутат нь өмнөх депутатуудаас хэд хэдэн онцлогтой байсан гэж боддог.

Нэгдүгээрт, Монгол  Улсад ардчилал шинэчлэлийн үе эхлэж ардчилсан сонгууль болж өрсөлдөн сонгогдсон.

Хоёрдугаарт, сонгогдсон хугацаандаа хоёрхон удаа хуралдахдаа эхнийхэд нь улс орноо удирдах бүрэлдхүүн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, прокурорыг шинээр сонгосон. Сүүлчийнхээ хуралдаанаар Монгол Улсынхаа анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан.  

Гуравдугаарт, түүхэнд хамгийн удаан хуралдсан зэрэг онцлогийн хэлж болох юм. Үндсэн хууль хэлэлцэх үеийн зарим үйл явдлын талаар энд товч хүүрнэе. Аливаа асуудлыг хэлэлцэхэд бүлгүүдэд хуваагдаж санал бодлоо нэгтгээд хуралдаанд өөрсдийн томьёоллоо оруулдаг байлаа.

Миний хувьд МАХН-ын, хөдөө аж ахуйн нэгдэлчдийн, аймгийнхаа гэсэн гурван бүлэглэлд ордог байсан юм. Үндсэн хуулийн анхны төсөлд малын талаар ороогүй байсанд манай бүлэг дээр ярилцаад “Монгол малын удмын сан төрийн хамгаалалтанд байна” гэсэн томьёоллоор оруулж хэлэлцүүлэн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэж орсон юм.

Хууль хэлэлцэх явцад хэд хэдэн удаа саналаа хэлж байсан нь тэмдэглэлийн дэвтэрт, баримтат кинонд үлдсэн байдаг. Нэг удаагийн хэлэх үгээ нэгдлийнхээ тамгатай цаасан дээр бичээд хэлж байсан нь одоо хадгалагдсаар байдаг юм. Энэ хуралд өөрсдөө юм бэлтгээд хэлэхээсээ илүү бусад эрдэм чадалтай хүмүүс, орчин үеийн залуучуудын гаргаж байгаа саналыг анхааралтай сонсон тэмдэглэж, түүндээ дүгнэлт гарган саналаа өгөх нь Үндсэн хууль батлалцахад хувь хүний оруулсан том хувь нэмэр гэж үздэг. Учир нь олон асуудал дээр олонх цөөнх болон санал бодлоо уралдуулж байж энэ хууль боссон.

Нэг удаа хурлын завсарлагаанаар хоёулаа гараад явж байтал хоёр халамцуу хүн ирээд “За улсаа юу гэж нэрлэх гэж байна” гэж байна. Монгол Улс гэж нэрлэх гэж байна гэсэн чинь нэг нь “Чи улсынхаа нэрнээс ардаа хасаад байхдаа яадаг юм бэ” гээд бараг зодох нь ээ, тэгтэл нэг нь хамт яваа нөхрөөс маань “Чи ямар саналтай байна?” гэсэн мань эр дор нь сэргэлэнтээд “Монгол Ард Улс гэх саналтай байгаа” гэсэн чинь чи олонхынхоо саналаас зөрөөд байхдаа яадаг юм гээд л загнаж билээ. Энэ нь тэр үед хүмүүс Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг маш их анхааралтай сонсож, ажиглаж бас санаа тавьж байсны нэг илрэл гэж боддог.

Би Үндсэн хууль хэлэлцэж эхлэхээс батлагдах хүртэл нэг ч удаа чөлөө аваагүй, таслаагүй хуралдаа оролцсон юм. Ингэж олон хоног сууж Үндсэн хуулиа бүрэн эхээр нь уншаад бүгдээрээ алга ташин батлаад зогсож байсан тэр мөч миний амьдралын хамгийн мартагдашгүй сайхан дурсамжтай мөч юм.

Өөрийнхөө батлалцсан Үндсэн хуулиа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө сүүлийн 20 жилд аймгийнхаа удирдах бүрэлдэхүүнд ажиллан аймаг, улсаа хөгжүүлэхэд гар бие оролцон яваагаараа бахархан сэтгэл хангалуун явдаг юм.

Ш.Шагдарсүрэн: Зарим үед шөнийн 2, 3 цаг хүртэл хуралдаж тарахад биднийг хоёр паз автобусаар Сансар болон III-IV хорооллын чиглэлд хүргэж өгдөг байлаа

1990 онд нутгийн ард түмнийхээ дэмжлэгээр АИХ-ын депутат болсон. Энэ бол ямар ч хөндлөнгийн оролцоогүй чухамхүү ард түмний өөрсдийнх нь анхны сонголт байсан. Гагцхүү үүнд л энэ сонгуулийн түүхэн ач холбогдол оршино. МҮДН-ын суудалд АИХ-ын депутатуудын 99.7-99.8 хувийн саналаар УБХ-ын гишүүнээр сонгогдож билээ.

Монгол Улсын түүхнээ олон намаас бүрдсэн байнгын ажиллагаатай анхны парламент байсан бөгөөд социалист систем задран унаж, ЗХУ-ын зээл, тусламж зогссоноор улс орон эдийн засгийн маш хүнд байдалд орсон, ард түмний маань амьдрал туйлдсан, барааны хомсдол үүсч лангуу хоосорсон, өдөр шөнө гэнэт солигдох мэт “улаан хөрсөн дээр” буусан учир улс орон, ард түмнийхээ төлөө хоёрдмол сэтгэлгүй мэддэг чаддаг бүхнээ зориулах шаардлага тулгарч билээ. Жинхэнэ улс орон ард түмний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих ёстой он жилүүд байсан. Бид бүгд үүнийг ойлгож аливаа асуудлаар санал бодол зөрсөн ч хялбар давж, асуудлын зөв шийдлийг эрэлхийлж олдог байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ алдаа, оноо байсныг үгүйсгэж бас болохгүй. Алдаа, оноо нь үндсэндээ тухайн үеийн улс орны эдийн засгийн хүнд хэцүү байдал, тулгамдах, мэдлэг чадвар дутах зэргээс үүдэлтэй байсан болохоос биш хуйвалдаан, хувийн ашиг сонирхлоо бүхнээс дээгүүр тавих, ашиг сонирхлын зөрчил гэх мэт ойлголтоос хавьгүй хол хөндий байлаа. Ийнхүү ажиллахдаа УБХ, Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан хэлэлцэж АИХ-ын чуулганд оруулж батлуулах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангаж баталгаажуулах зэрэг улс орныг зах зээлийн харилцаанд шилжүүлэх асуудлаар олон арван хуулийг баталж билээ. Гэхдээ эдгээр хуулийг цоо шинээр боловсруулж батлахаас өөр аргагүй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ийнхүү ажиллаж байхад улс орны байдлаас шалтгаалан бидний амьдрал ч бусдын нэгэн адил жирийн байсан юм. Зарим үед шөнийн 2, 3 цаг хүртэл хуралдаж тарахад, биднийг хоёр паз автобусаар Сансар болон 3-4 дүгээр хорооллын чиглэлд хүргэж өгдөг байлаа. Байнгын хороонд нэг зөвлөх,  нэг туслах байсан бөгөөд гишүүн бүр өөрсдөө хууль болон бусад бичиг баримтаа “нухдаг” байсан нь чуулганаар хэлэлцэх бүх асуудлыг өөрийн болгож ороход онцгой ач тустай байв.

Миний хувьд Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдаж байсан учир гадаад харилцаа болон энэ чиглэлийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхэд түлхүү оролцож байлаа. Ер нь манай гишүүд өөрийн мэргэжлийн бус асуудлуудад нэг их хутгалдаж байсангүй. Тухайлбал, гадаад харилцааны асуудлаар тухайн асуудлыг хариуцаж байсан гишүүдийн мэргэжлийн саналыг голлон үзэж шийдвэрлэдэг байсан юм. Энэ нь ч өөрийн давуу талтай байсан гэж боддог.

Таван жилийн хугацаатай сонгогдоод хоёр жил үйл ажиллагаа явуулсан ч, улс орны эдийн засгийн байдал хүнд байсан ч, гишүүд нь парламентын туршлага дутмаг байсан ч гэсэн олон намын бүрдэлтэй энэ парламент элдэв нам олон ч, эх орон ганц гэсэн үндсэн зарчмыг баримтлан улс орныг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, ирээдүйн төр засгийн байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоог буй болгох зэрэг улс орны цаашдын хөгжлийн тулгуур үндсийг тавихад бүхий л бололцоогоо дайчлан ажилласан юм. Ер нь хүнд мэдлэг дутаж болохоос сэтгэл дутаж болохгүй шүү дээ. УБХ, түүний гишүүд энэ л жишгээр ажиллаж ирсэн юм шүү. Ийм хамт олон байснаараа бид бахархаж баярлаж явах ёстой гэж боддог.

Д.Чулуун: МАХН-ын бүлгээс Улсын Бага Хурлын гишүүнээр нэр дэвшүүлэх санал тавихад илүү сайн хийж чадах эмчийн ажлаа хийж явъя гэж татгалзаж байсан

1990 онд Баруун-Урт хотын 286 дугаар тойрогт  дөрвөн хүний нэр дэвшиж АИХ-ын депутатаар хоёр дахь удаагаа 1973 онд Хэнтий аймгаас сонгогдсоноо эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах талаар хоёргүй сэтгэлээр ажиллаж байсанд сонгогчид маань баярлаж, итгэж, талархаж явдгийн илрэл болов уу гэж боддог юм.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх албыг илүү хөгжүүлэх, эмнэлгийн эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, замыг сайжруулах талаар хөдөлмөрчдийн уулзалтан дээр санал их гарч байсан. Одоо энэ бүхэн бараг биеллээ олжээ. Чуулган хэдийгээр олон хоног үргэлжлэн улсаас их зардал гарч байсан ч депутатууд үүргээ биелүүлж, сайн Үндсэн хууль болсон гэж боддог.

Хуралдааны үед сонин содон явдал их болдог байлаа. О.Дашбалбар агсны газар шороо, эх орныхоо баялгийн талаар ярьж байсныг бодохоор ирээдүйг харах талаар ямар их чадвартай, ухаалаг хүн байсныг дурсан боддог юм. Манай төр, засгийн удирдагчид ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан харж, бодлого боловсруулдаг байгаасай гэж бодох юм.

Хүний эрхийн талаар ярилцаж байхад Улаанбаатар хотод хүний төвлөрөл их болно гэж депутатууд санал гаргаж байхад үүнийг хуулиар зохицуулна гэсэн боловч тэр бодлогоо боловсруулалгүй, одоо Улаанбаатар хот маань хүн ам олон болж утаанд харагдахгүй шахам болжээ.

АИХ-ын хуралдааны танхимд депутатууд ширүүн хурц хэл үг, маргаан явуулж зөвшилцлийн үндсэн дээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулийг баталснаас хойш 20 жил өнгөрчээ. Гэвч манай иргэд эрхээ сайн мэддэг боловч, үүргээ хуулиа биелүүлэхгүй байгааг харахад харамсалтай санагддаг.

МАХН-ын бүлгээс надад Улсын Бага Хурлын гишүүнээр нэр дэвшүүлэх санал тавихад илүү сайн хийж чадах эмчийн ажлаа хийж явъя гэж татгалзаж байсан билээ.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 10

Мал нь Төрийн хамгаалалтан, Хүн нь Төрийн хамгаалалтаас гадна оршдог дэлхийн хамгийн тэнэг засаглалтай Монгол.

0  |  0
Top