Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл, сорилт ба удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлт” сэдвийн дор өргөтгөсөн хэлбэрээр болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цугларалтад оролцон, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгөв.
Болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, төр, нийгмийн үйл ажиллагааг сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх цаг болсныг тэмдэглэв.
Анги, нэгж, томилгоот бүлгүүдийн бэлэн байдал, хамтарсан сургалт бэлтгэлийг нэмэгдүүлж, зэвсэглэл техник, удирдлага, харилцан ажиллагааг нэгдмэл бодлого, нэгдсэн стандартаар зохицуулж ажиллахыг үүрэг болголоо.
Төр, нийгэм, иргэдийн эсрэг чиглэсэн мэдээлэл-сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл, цахим халдлагын аюул, эрсдэлийг байнга тооцож, үндэсний үнэт зүйл, эв нэгдлийг бэхжүүлэхэд үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх, албаны нэр хүнд, цэргийн цолны үнэлэмжийг дээшлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.
Төрийн тусгай албаны гол хөдөлгөгч хүч болсон ахлагч нарын ажил, амьдралын орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, боловсрол, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, хүүхэд, залуучуудыг эх орноо батлан хамгаалах, аливаа гамшиг, ослын үед иргэний үүргээ гүйцэтгэхэд сургаж бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.
Цэргийн албаны ач холбогдлыг нийгэмд сурталчлах, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх талаар дорвитой өөрчлөлт хийхийг чиглэл болголоо. Мөн үндэсний аюулгүй байдлын төлөө хүч чадал, мэдлэг боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Сэтгэгдэл ( 0 )