2023 оны дүнгээр, Хятадын эдийн засгийн өсөлт 5.2 хувьд хүрч, Хятадын Засгийн газраас тооцоолж байсан таван хувиас давав. Гэсэн хэдий ч эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлт нь Хятадын ДНБ-ийн хөдөлгөгч гол хүч болох үл хөдлөх хөрөнгө, экспорт, хөрөнгө оруулалтын салбарт ноцтой асуудалтай тулгарсныг илтгэж байна. 2024 оны ДНБ-ий өсөлт Хятадын эрх баригчид эдийн засгийнхаа асуудалтай салбарыг хэр дэмжихээс шалтгаална.
БНХАУ-ын Улсын статистикийн газрын мэдээллээр, 2023 онд тус улсын эдийн засгийн өсөлт 5.2 хувийн үзүүлэлттэй гарчээ. Эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас 0.2 хувиар өндөр гарсан нь хөл хорио үргэлжилсэн 2022 оны суурь үзүүлэлтүүд бага гарсантай зарим талаар холбоотой гэж Ройтерс агентлаг онцолсон байна. Цар тахлын үеийг эс тооцвол 2023 он нь тус улсын эдийн засгийн өсөлтийн хувьд 1990 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй гарчээ.
2023 оны арванхоёрдугаар сард Хятадын жижиглэн худалдааны эргэлт 7.4 хувиар нэмэгдсэн нь Блүмберг агентлагийн эдийн засагчдын таамаглаж байсан найман хувийн өсөлтөөс бага гарчээ. 2023 онд экспорт мөн 4.6 хувиар буурсан нь сүүлийн долоон жилд анх удаа гарч буй доогуур үзүүлэлт юм. Хятадын эдийн засаг хэвийн бус байгааг дефляци мөн илтгэж байна. Тус улсын хэрэглээний үнийн индекс арванхоёрдугаар сарын байдлаар гурван сар дараалан унаж байна. Үйлдвэрлэгчийн үнийн индекс мөн л 15 дахь сардаа дараалан буурч байна. Блүмберг агентлагийн онцолсноор, хэрэглээний үнийн индексээс илүү үнийн хэлбэлзлийн талаар өргөн ойлголт өгдөг ДНБ-ийн дефлятор өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 1.5 хувиар буурчээ. Энэ үзүүлэлт мөн адил гурав дахь улирал дараалан багасаж байгаа нь 1998 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн дефляцийн үе болж байна гэж “Morgan Stanley” тодруулсан байна.
Хятадын эдийн засгийг хазаарлаж буй хамгийн том хүч нь үл хөдлөх хөрөнгийн салбар хэвээр байна. 2023 оны байдлаар, шинэ орон сууцны худалдаа зургаан хувиар, тус салбарт оруулсан хөрөнгө оруулалт 9.6 хувиар тус тус буурчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ орон сууцны үнэ 2015 оны хоёрдугаар сараас хойш анх удаа огцом унажээ.
Шинэ хөшүүргийн эрэлд
Давост болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын эдийн засаг удааширч буй асуудалд зориулж “Хятадын өсөлтийг дахин цэнэглэх нь” нэртэй тусгай хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан. Гучин жил эрчимтэй өссөн эдийн засаг, ДНБ-ийн өсөлт удааширч байна. Энэ бол эдийн засгийн энгийн л нэг мөчлөг. Үүнд хөгширч буй хүн ам, хөдөлмөрийн бүтээмж буурах, эрэлт багасах зэрэг хүчин зүйлс нэрмээс болж байна гэж тусгай хэлэлцүүлгийн үеэр ОУВС-ийн хуваарилалт хариуцсан орлогч захирал асан Жу Минь онцолжээ.
Гэвч Хятадын эдийн засгийн асуудал зөвхөн мөчлөгийн төдийгүй мөн бүтцийн шинжтэй байдаг. Урьд өмнө тус улсын эдийн засаг гурван гол хөшүүргийн ачаар өсөж байв. Энэ нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, экспортын салбар юм. Харин өдгөө эдгээр гурван салбар хүнд байдалд ороод байна. Хятад улс өсөлтөө дэмжих шинэ хөшүүргийг эрэн хайх учиртай гэж Минь үзэж байна. Тухайлбал, дотоодын хэрэглээг ихээхэн нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг цахимжуулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зэрэг байх боломжтой. Эдгээр санаачилгыг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардах нь дамжиггүй. Жишээ нь, дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхэд хүмүүсийн цалин, орлогыг аажмаар өсгөх, санхүүгийн урамшуулал олгох шаардлагатай. Ямартаа ч энэ үйл явц урт хугацаа шаардах нь тодорхой гэж Минь онцолжээ.
Дотоодын эрэлт буурсан, цар тахлын дараах сөрөг үр дагавар, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл зэрэг нь Хятадын эдийн засгийг хазаарлаж байна гэж Лондонгийн эдийн засгийн сургуулийн профессор Жин Кэю үзэж байна.
Өсөлтийг урт хугацаанд өндөр түвшинд тогтоон барих цорын ганц арга бол инновац дээр суурилсан илүү үр бүтээлтэй, оновчтой эдийн засагт шилжих явдал юм гэж Кэю үзэж байна. Гэхдээ эдийн засгийн цахимжилтын нэгэн адил сэргээгдэх эрчим хүч ойрын ирээдүйд үл хөдлөх хөрөнгийн салбар шиг эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх боломж алга байна. Хятадын эдийн засагт өсөн тэлэх өөр нэг орон зай байгаа нь үйлчилгээний салбар. Тус улсын үйлчилгээний салбар ДНБ-ийн тал хувийг бүрдүүлж, ажлын байрны 48 хувийг хангадаг бол хөгжингүй орнуудад эдгээр үзүүлэлтүүд 80 хувьд ойртож байна. Гэтэл Хятадын нэг тэрбум хүн ам олон улсын стандартаар дундаж ангийн орлогын хэмжээнд хүрээгүй л байна гэж Кэю онцолсон байна.
Хөшүүрэггүй бол өсөлтгүй
Эдийн засгийн эдгээр сул үзүүлэлтүүд тус улсын эрх баригчид хүндрэлтэй тулгараад буй салбарууддаа үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэхгүй бол эдийн засаг нь энэ онд бодит хүндрэлүүдтэй нүүр тулж болзошгүйг харуулж байна гэж Блүмберг агентлагийн эдийн засагч Чанг Шу, Дэвид Цюй нар сэрэмжлүүлжээ. Ойрын үед Хятадын Засгийн газар эдийн засгаа дэмжихэд чиглэсэн шийдвэртэй алхам хийнэ гэсэн хүлээлттэй бий. 2023 онтой харьцуулахад 2024 онд эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад амаргүй байх нь ойлгомжтой гэж тэд онцолжээ.
Хятадын эдийн засгийн үзүүлэлт 2024 онд эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэр их үр дүнтэй арга хэмжээ авахаас ихээхэн шалтгаална гэж “Moody's” бичжээ. Өнгөрсөн жил тус улсын эрх баригчид барилгын компаниудад нэмэлт зээл олгох, ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн хэмжээг бууруулах замаар эл салбарыг дэмжих оролдлого хийсэн ч үр дүн тэр бүр өгөөгүй.
Өдгөө нөхцөл байдлыг сайжруулах цорын ганц үр дүнд түргэн хүрэх арга бол Засгийн газрын зүгээс хүчтэй дэмжлэг үзүүлэх явдал юм. Гэвч эрх баригчид өргөн цар хүрээтэй бус харин аргацаасан арга хэмжээ авч байгаа нь өрийн дарамтыг нэмэгдүүлэхээс зайлсхийхийг зорьж байгаа нь илт байна гэж “Freedom Finance Global” компанийн шинжээч Роман Лукянович онцолжээ. Ийм хандлага нь эдийн засаг сэргэлт авахад хангалттай дэмжлэг авахгүйгээр үл барам асуудлыг улам хурцатгах аюултай. Ингэснээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ирээдүйд илүү их зээл авахад хүргэнэ гэж эдийн засагч үзэж байна.
Түүний хэлснээр, БНХАУ-ын ДНБ-ий өсөлт энэ онд эрх баригчдын мөнгөний бодлогоос юуны өмнө ихээхэн шалтгаална. Мөнгөний бодлогыг сулруулснаар төсвийн алдагдал гурван хувиас давна. Ирэх гуравдугаар сард ДНБ-ий өсөлтийг таван хувьд хүргэх зорилтоо албан ёсоор зарлана гэсэн хүлээлт бий. Энэ тохиолдолд өдгөө Хятадын засгийн газрын хэлэлцэж буй нэг тэрбум юанийн зээл эдийн засгийг эрчимжүүлэхэд хангалттай бус. Тиймээс БНХАУ-ын эрх баригчид эсвэл эдийн засгийн шинэчлэл хийнэ эсвэл зээлийн хэмжээг нэмэгдүүлэх магадлалтай. Төрийн дэмжлэг нэмэгдэхгүй тохиолдолд ДНБ-ийг таван хувиар нэмэгдүүлэх зорилгод хүрэх боломжгүй Лукянчиков тайлбарлажээ.
Эдийн засгийн өсөлтийг энэ онд таван хувьд хүргэхийн тулд тусгай үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх далайцтай арга хэмжээ авч, Хятадын Төв банк бодлогын хүүг бага хэмжээнд нь барьсан ч 2024 онд тус улсын ДНБ-ий өсөлт 4.5-5 хувийн үзүүлэлттэй гарах байх гэж эдийн засагч таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )