Хятадын хямрал: Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлэх үү?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Хятад сүүлийн 20 жил маш хурдан хөгжиж, дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий гүрэн болох АНУ-г хэзээ мөдгүй гүйцэж түрүүлэхээр байв. Гэтэл сүүлийн гурван жил Хятад огцом тоормослов.

Өрнөдийн шинжээчид болон улстөрчид унтарч буй Хятадтай хэрхэн амьдрах, Хятадын удааширсан эдийн засаг дэлхий дахинд ямар нөлөөтэй болох талаар ярих болов.

АНУ-ын хувьд Хятад улс эдийн засгийн заналхийллээс улс төр, цэргийн заналхийлэл болон хувирч байна. Харин Ази дахь хөршүүдийнх хувьд өрнөдийн бизнес, хөрөнгө оруулалтыг өөртөө татах боломж нээгдэж байна. Харин Оросын хувьд экспортын гол бараа болох эрчим хүчний эх үүсвэрийн экспортын орлого буурах эрсдэлтэй.

Яагаад тэнгэрт дүүлэх луу гэнэт газарт унав? Хятад улсын хувь заяа шийдэгдсэн үү эсвэл Коммунист нам нь хүсэхэд л тэвчээр болон хөдөлмөр бүхнийг ялна гэдгийг дахин нотлох уу?

Юу болов?

Товчхондоо бол Хятадын эдийн засгийн гол мотор болсон үл хөдлөх хөрөнгийн зах зээл хүндхэн байдалд орсон. Гэхдээ энэ бол зөвхөн шинж тэмдэг. Гол эх үүсвэр нь хүн ам зүйн асуудал. Мөн эрх баригч Коммунист нам, түүний удирдагч Ши Жиньпинд итгэх итгэлийн хямрал.

Хятад  зах зээлийн эдийн засагт шилжиж, үүд хаалгаа нээснээс хойш хөрөнгөжиж эхэлсэн. Жилд 10-15 хувиар өсөж байсан баялаг нь аажмаар буурч, Ши Жиньпиний үед 5-7 хувьд хүрчээ.

Өнгөрсөн онд дөнгө гурван хувийн өсөлт үзүүлсэн бол 2023 оны хоёрдугаар улиралд гурван хувийг давжээ. Энэ жил өсөлт нь сайндаа таван хувьд хүрнэ гэж өрнөдийнхөн тооцоолжээ.

Харин шинжээчид Хятадын хямрал эдийн засгийнх бус улс төрийн шинжтэй гэдэгт дуу нэг байна.

Яагаад хятадууд орон сууц худалдан авахаа болив?

Юуны өмнө, тэдний орлого өмнөх шигээ нэмэгдэхээ больжээ. Хоёрт орон сууцны үнэ буурч байна.

Хятадуудын хувьд орон сууц бол ирээдүйд хийх хөрөнгө оруулалт. Үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүүг Коммунист намын бодлогоор тогтоодог ба нийгмийн халамж хөгжөөгүй. Тиймээс хятадууд хүнд өдрүүдэд зориулж хуримтлуулахдаа үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг уламжлалтай.

Мэдээж хэрэг хуримтлалаас гадна орон сууц нь амьдрахад зориулагдсан. Хотжилт болон хүн амын өсөлт орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж байсан. Гэвч энэ бүх хүчин зүйлс үүргээ гүйцэтгэж дуусжээ. Орон сууцны үнэ буурсан нь хадгаламжийн энэ хэлбэрийг ашиггүй болгосон байна. Хотжилтын үйл явц удааширч, хүн амын өсөлт ч буурчээ байна.

“Орон сууцны эрэлт унасан нь хүн ам зүйн асуудалтай үндсээрээ холбоотой” гэж АНУ-ын Олон улсын харилцааны зөвлөлийн шинжээч Зои Лю ярьж байна. Хотжилтын оргил үе ард үлдэж, гэрлэлт 2013 оноос хойш буурч байна. Барилгажилт ч урагшлахгүй байна. Өмнө нь хятадын барилгын компаниуд зээл авч, газар аван, суурийг нь цутгаж, хүн амд дутуу барьсан орон сууцаа борлуулдаг байв. Харин орлогоороо барилгаа дуусгахын оронд дахин газар авч, суурь цутгана. Үйл явц яг ийм маягаар үргэлжилж, нэг төрлийн хөөс үүсэв.  Энэ үед Коммунист нам дүрэм, журмыг чангатгах замаар зохицуулалт хийсэн. Ард иргэдийн худалдан авсан “балгас” шиг дуусгаагүй орон сууцны барилгуудыг дуусгах үүрэг өгчээ. Тиймээс шинэ суурь ухах нь зогсож, үл хөдлөх хөрөнгийн салбарын үйл ажиллагаа 2021 оноос хойш хоёр дахин удааширчээ. Хятад дахь хөрөнгө оруулалтын идэвх буурсан гол хүчин зүйл бол энэ гэж АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Логан Райт дүгнэж байна. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарыг орлох өөр эх үүсвэр Хятадын эдийн засагт олдсонгүй. Тиймээс сүүлийн хоёр жилд Хятадын эдийн засаг огцом удааширсан гэж Райт онцлоод 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших Хятадын өсөлтийн хөдөлгүүрүүд дор хаяж ойрын 10 жилд нөөцөө шавхаад байна гэжээ.

Хөрөнгө оруулалт буурах нь зайлшгүй бол Хятадын эрх баригчдад хэрэглээ болоод экспортоор нөхөхөөс өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ үүнд бас хүндрэлүүд бий.

Яагаад хятадууд гараа хумхив?

Үл хөдлөх хөрөнгийн салбаргүйгээр цар тахлаас өмнөх үеийн өсөлтийн хэмжээнд хүрэх боломжгүй. Учир нь үүнийг орлох цорын ганц зүйл нь өрхийн хэрэглээ гэж Райт үзэж байна.

Гэтэл ажилгүйдэл өсөж, үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, хэрэглээний үнэ мөн буурч байгаа энэ үед хятадууд мөнгөө үрэх биш зээлээ төлж, мөнгөө хуримтлуулахыг илүүд үзэж байна. Хамгийн гол нь тэдний ирээдүйд, Коммунист намд итгэх итгэл нь буурч байна. Цар тахлын үед хатуу хөл хорио тогтоож, хожим нь эсэргүүцлийн жагсаал өрнөхөд гэнэт цуцалсан нь хэдэн үеэрээ итгэж байсан итгэлийг алдагдуулсан. Үүнтэй зэрэгцэн тэрбумтан, жүжигчдийн эсрэг явуулсан ажиллагаа мөн л эхэлсэн шигээ гэнэт зогсож байсан. Энэ бүх хугацаанд Хятад, өрнөд хоорондын сөргөлдөөн гүнзгийрч, Тайванийн төлөөх дайн болох вий гэсэн түгшүүртэй уур амьсгал бий болсон. АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Скотт Кеннедигийн хэлснээр, хүмүүс зардлаа багасгаж, хуримтлуулах болсон. Гол хэрэг үл хөдлөх хөрөнгөний зах зээл дээр үүссэн хөөс хагарсанд ч биш. Гол учир шалтгаан нь улс орон нь буруу чиглэлд явж байна гэсэн айдас, итгэл алдсантай холбоотой. Үүний дүнд Жек Ма шиг болох хүсэлтэй хүмүүс цөөрч байна. Залуус гутранги үзэлд автаж байна гэж Зои Лю ярьжээ.

Гэхдээ бүх зүйл тийм ч муу биш

Эдийн засгийн өсөлт нь өмнөх шиг биш байгаа ч Хятадтай “салах ёс гүйцэтгэх” эрт гэдэгтэй бүх шинжээчид санал нэг байна. Тэсрэлтийн үе ард хоцорч, жилийн 8-9 хувийн өсөлт дахин хэзээ ч ирэхгүй гэдэгт эргэлзэх зүйл алга гэж АНУ-ын Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Ник Ларди онцолжээ. Гэхдээ уналтын үе зогссон. Хятад улс эргэлтийн үедээ байна. Одооноос эхлэн эдийн засгийн өсөлт нь удаашрах бус түргэснэ. Ойрын жилүүдэд одоогийн гурван хувиас нэмэгдэнэ гэж Ларди үзэж байна.

Долоодугаар сарын дефляци нь зөвхөн стратегийн гажиг үзэгдэл. Энэ нь долоодугаар сард гарсан гахайн томуутай холбоотой. Тухайн үед гахайн махны үнэ огцом өсөж байсан.

Цалин нэмэгдэж, бодит орлого мөн жилд 5-7 хувиар өсөж байна. Харин хуримтлал эсрэгээр буурч байна. Мэдээж хэрэг хэрэглэгчдийн итгэлцэлд асуудал байгаа ч хэрэв орлого ийм хурдаар өсвөл хэрэглээ ямар ч тохиолдол нэмэгдэнэ гэдэгт Ларди итгэлтэй байна.

Эдийн засгийн гол хоёр хөдөлгүүр болох хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ гэдэгт одоогоор найдах боломжгүй байна.

Хятад улс нь 2000-аад оны сүүлээс эхлэн дэлхийн хамгийн том экспортлогч улс болсон. Гэсэн хэдий ч экспортын ДНБ-д эзлэх хувь буурч байна. 15 жилийн өмнө эдийн засгийн өсөлтийн 30 хувийг хангаж байсан экспорт нь өдгөө дөнгөж 20 хувийг хангаж байна гэж Зои Лю онцолжээ.

Логан Райтын үзэж буйгаар, энэ нь өрнөд, тэр тусмаа АНУ-ын хувьд сайхан мэдээ. АНУ-д Хятад улс ДНБ-ээр гүйцэж түрүүлнэ гэж эмээхээ больсон. Тиймээс одоо АНУ Хятадтай харилцах харилцаандаа үндэсний аюулгүй байдлын асуудалд илүү анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болсон гэж Райт өгүүлжээ.

Хятадын удаашрал дэлхий дахиныг хойш нь чангааж, шинэ хямрал үүсгэнэ хэмээн өрнөд айх хэрэггүй гэж Ник Ларди үзэж байна. Түүний хэлснээр, Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30-35 хувийг хангадаг нь үнэн. Гэхдээ Хятад нь дэлхийн эдийн засагт бүхэлд нь гэхээсээ илүүтэйгээр тодорхой улс орон, зах зээлд чухал. Тухайлбал, Хятадын сул өсөлт түүний Европ дахь гол түнш болох Германд хохиролтой. Мөн эрчим хүчний эх үүсвэрийн зах зээлийн үнэд нөлөөлнө. Эл түүхий эдийн экспортоос өрнөдийн түншүүдээ алдсан Оросын эдийн засаг хамааралтай байгаа.

Түүнчлэн, Хятадад нөөц хөзөр ч бий. Эдийн засгийн цохисон мотороо засварлахгүйгээр ч шинэ мотортой болох найдвар бий. Хятад улс шинэ эрчим хүчийг идэвхтэй хөгжүүлж байгаа. Тус улс цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд аль хэдийн багтаж, хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөнд ялалт байгуулахаар зорьж байна. Хятад улс эдийн засгийн ноцтой асуудалтай анх удаа нүүр тулж байгаа нь энэ биш гэдгийг санах учиртай. Тухай бүрд асуудлыг шийдэж, даван гарсаар ирсэн гэж АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Клэр Рид онцолжээ.

Түүний хэлснээр, Хятадын эдийн засгийн өсөлтийн дээд амжилтууд ард хоцорсон ч Хятад улсыг дутуу үнэлэх учиргүй. Луу энэ удаа ч хямралаас гарах замаа олох чадвартай. Эх сурвалж: ВВС агентлаг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.210) 2023 оны 09 сарын 05

Хятадын эээ хямрал юунд ч биш ганцхан том худалдан авалт хийдэг баян хүмүүсээ шалгаж эхэлсэнд л бгаа юм. Хүн л юм чинь хөрөнгөө нууж гадагш нь гаргах зэргээр шууд далд ЭЗ т орсон. Хэн том том худалдан авалт хийснийхээ төлөө хэцүү байдалд орохыг хүсэх вэ дээ. Иргэн баян бол улс баян гэсэн бодлоготой улс бсан шүү дээ. Ийм л юмнаас болсон гэж бодож бна.

1  |  0
ogt hudalaa daa(66.181.190.142) 2023 оны 09 сарын 06

hyatadiin hurdan osolt udaashirsan ch togtmol ediin zasag ni osoj baigaa ard tvmen ni ulam l bayn bolood bnaa. hyataduud hezee ch horongo mongo huraahaa bolihgui tul ted hogjij devshih todorhoi. hyatadiin ediin zasag bodit bol amerikiih bol zvgeer vilchilgeenii ,bas hubitstsaa metiin bodoit bas ediin zasag l daa. iimees ylgaa odoo ih garch amerikuud dollar geh tsaasaa hevlej amidardag oilgomjtoi daa. dollariin noloo buurval amerik uls dampuuran daa..

0  |  1
Top