(150).jpg)
Бээжин хотод есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж буй Аюулгүй байдлын асуудлаарх Сяншанийн 12 дахь олон улсын чуулга уулзалтад дэлхийн 100 орчим улсын төлөөлөгчид оролцож байна.
“Олон улсын эмх журмыг хамгаалах, энхийн хөгжилд хамтдаа тус дөхөм үзүүлэх” гэсэн гол сэдвийг хэлэлцэх энэхүү чуулга уулзалтад батлан хамгаалах байгууллага, зэвсэгт хүчин, олон улсын байгууллага, шинжилгээний төвүүдийн удирдагчид, их сургуулиудын захирал, эрдэмтэд уригдан оролцож байгаа ажээ.
Төлөөлөгчид аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, олон улсын хамгийн хүндхэн сэдвүүдийн талаар санал солилцох юм. Уг чуулга уулзалтад сэтгүүлчдийг оролцуулан 1,8 мянга орчим хүн оролцож байна. Хятадын ардын чөлөөлөх армийн Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан Ло Си-гийн тэмдэглэснээр, дэлхийн тогтвортой байдлыг хангах шинэ санаачилгуудыг боловсруулах боломж олгосон олон талын оролцоотой яриа хэлэлцээ өрнүүлэх нь Сяншанийн чуулга уулзалтын онцлог байх ажээ.
Тус академийн өөр нэг эрдэмтэн Мэн Фаньли-гийн үзэж байгаагаар, чуулга уулзалтад оролцогчид нь янз бүрийн хямрал үүсгэхийг эрмэлзэж буй гаднын хүчнүүдийн санаархлын эсрэг хүчин чармайлтаа төвлөрүүлэхэд анхаарах хэрэгтэй аж. “Атгаг ашиг сонирхолдоо хөтлөгдсөн зарим улс мөргөлдөөн өдөөж, зарим улсыг шатрын хүү болгон ашиглаж байна. Энэ нь даян дэлхийн аюулгүй байдлыг хангах, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг сахин хамгаалах ашиг сонирхол болон энх тайвнаар хөгжих чиг хандлагатай зөрчилдөж байгаа юм” гэж тэр онцолсон байна.
Чуулга уулзалтын төлөөлөгчид бас Украины хямрал болон бүс нутгийн бусад мөргөлдөөнийг зохицуулах үр дүнтэй аргуудыг хэлэлцэхэд анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа ажээ. Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн хэмжээнд аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах асуудлыг хэлэлцдэг Сяншанийн чуулга уулзалтыг Бээжинд 2006 оноос хойш зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )