Энэ оны эхээр зах зээлийн тоглогчид болон шинжээчдийн урмыг хугалж байсан Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс дээгүүр гарчээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цаашдын өсөлт нь төр нь төсвийн дэмжлэг үзүүлэх бодлогоо үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалт нь буурч буй үл хөдлөх хөрөнгийн салбар нь хямралаа даван туулж чадах эсэхээс шалтгаална гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос гаргасан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээс үзвэл, энэ оны гуравдугаар улиралд ДНБ нь 4.9 хувиар өсжээ. Эдийн засгийн жилийн өсөлт нь 6.3 хувиас буурсан ч шинжээчид жилийн өсөлт 4.4 хувь, улирлын өсөлт 1.3 хувь байна гэж тооцоолж байснаас өндөр үзүүлэлтийг харуулжээ.
Мөн эдийн засгийн байдлын бусад гол үзүүлэлтүүд эерэг өсөлт үзүүлжээ. Есдүгээр сарын байдлаар, жижиглэнгийн худалдааны эргэлт 5.5 хувиар нэмэгдсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 4.6 хувиас давсан байна. Тус улсын аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтүүд мөн шинжээчдийн таамгаас давжээ. Ингэхдээ аж үйлдвэрийн үйлдвэрлэл сүүлийн хоёр сар дараалан хүлээлтээс дээгүүр үзүүлэлттэй байна.
Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд нь урт хугацааны зогсонги байдал, удаашралтыг даван, сэргэж байна. Энэ оны эхний хоёр улирлын эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд нь шинжээчдийн таамаглаж байснаас доогуур байв.
Дэмжлэг үр дүнгээ өгч эхлэв
Хятадын макро эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн нь тус улсын эрх баригчдын энэ оны дунд үеэс эхлэн эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээ нь үр дүнгээ өгч буй илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Энэ оны наймдугаар сард Хятадын төв банк бодлогын хүүгээ 2.5 хувь болгон гэнэт бууруулсан. Үүний сацуу тус улсын холбогдох яамд хувийн хэвлийг дэмжих 28 арга хэмжээг танилцуулж байв. Эдгээр арга хэмжээний хүрээнд хувийн хэвшилд татварын хөнгөлөлт үзүүлэх, богино хугацаанд экспортын хөнгөлөлт үзүүлэх, санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэх алхмуудыг авчээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын эрх баригчид хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлэх замаар санхүүгийн хямралтай нүүр тулсан барилгын компаниудад дэмжлэг үзүүлэх чиглэлийг Төв банкандаа өгч, үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих алхам хийсэн. Гэхдээ энэ бүх арга хэмжээ нь тус улсын өрийн дарамт болж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад орон нутгийн эрх баригчдын өрийн хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар 4.2 хувиар өссөн бол 2019 онтой харьцуулахад 59 хувиар нэмэгджээ. Үүнээс үзвэл Хятадын эдийн засаг ёроолдоо хүрсэн нь харагдаж байна гэж “Guotai Junan International” компанийн эдийн засагч Жоу Хао онцолжээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл байсаар байна.
Асуудалтай үл хөдлөх хөрөнгийн салбар ба сорилтууд
Хятадын эдийн засгийн цаашдын хөгжил эрх баригчдын зүгээс эдийн засгаа дэмжихэд чиглэсэн нэмэлт арга хэмжээнээс шууд шалтгаална гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн оны доогуур үзүүлэлтүүдтэй харьцуулахад нэмэгдсэн мэт харагдаж байгаа ч энэхүү хандлага хэр удаан үргэлжлэх талаар ярихад эрт байна. Хятад дахь дотоодын эрэлт бүхэлдээ доогуур байгаа ба цар тахлын өмнөх үеийнхээс хамаагүй доогуур байна гэж шинжээчид онцолжээ.
Түүнчлэн, Хятадын эдийн засагт жинтэй үүрэг гүйцэтгэдэг үл хөдлөх хөрөнгийн салбар мэдэгдэхүйц сайжраагүй л байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар тус салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 9.1 хувиар буурчээ. Гэтэл барилгын компаниуд өрөө төлөхдөө хүндрэлтэй тулгарсан хэвээр байна. Тухайлбал, “Country Garden” компанийн өрийн хэмжээ 187 тэрбум ам.долларт хүрээд байгаа бол “Evergrande” компанийн өр 340 тэрбум ам.долларт хүрч, орчин цагийн Хятадын түүхэн дэх дээд үзүүлэлт болов.
Энэ сарын 18-нд Олон улсын валютын сан 2023 болон 2024 оны Хятадын эдийн засгийн өсөлтийг урьдчилсан таамгийг бууруулжээ. ОУВС-ийн таамаглаж буйгаар, Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд таван хувь, 2024 оны сүүл гэхэд 4.2 хувь байна. Урьдчилсан таамгийг бууруулсан гол шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын сул байдал. Үүнтэй холбогдуулан Хятадын төв банк бодлогын хүүгээ ирэх дөрөвдүгээр улиралд дахин бууруулж, орон сууц худалдан авалтад тавьсан хоригоо цуцалж, дэд бүтцийн салбарт төсвийн зардал нэмэгдэх магадлалтай гэж “Oxford Economic” эдийн засагч Луиза Лу үзэж байна.
Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчдын эдийн засгаа мэдэгдэхүйц тэлэх бодлого хэрэгжүүлэх боломж хомс байна. Учир нь Хятадын бодлогын хүү, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хүүгийн ялгаа нэмэгдэж байна. Үүнээс үүдэн юанийн ханш унаж, хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах эрсдэл нэмэгдэж байна. Он гарснаас хойш ам.доллартой харьцах юанийн ханш 8 гаруй хувиар суларчээ. Орон нутгийн захиргаа өрийн ачааллаас үүдэн төсвийн томоохон дэмжлэг үзүүлэх боломж нь хязгаарлагдаад байна гэж шинжээчид дүгнэж байна.
Энэ онд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэх зорилго биелэх ч цаашид өсөлт нь буурч болзошгүй.
Зах зээлд үзүүлэх нөлөө
Хятадын статистик үзүүлэлтүүд металлын зах зээлийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлсөн тухай Блүмберг агентлаг онцолжээ. Зэс болон хөнгөн цагааны биржийн үнэ бага зэрэг өсжээ. Энэхүү зах зээлийн нөхцөл байдал Хятадын эдийн засгаас гэхээс илүүтэйгээр асуудалд ороод буй үл хөдлөх хөрөнгийн салбараас ихээхэн шалтгаалдаг.
Бусад активын хувьд эдийн засгийн өсөлт нь сул байгаа хэдий ч Хятад улс сүүлийн үед газрын тосны импортоо идэвхтэй нэмэгдүүлж байна. Сүүлийн хэдэн сард Хятад улс хоногт дунджаар хоёр сая баррель газрын тос импортолсон нь өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт. Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээллээс үзвэл, наймдугаар сард газрын тосны боловсруулалт 63.6 сая тоннд хүрсэн нь дээд үзүүлэлт юм. Үүнээс үзвэл өмнөх үеийн эдийн засгийн сул үзүүлэлтүүд түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлөөгүй байна. Хэрэв Хятадын дотоодын эрэлт өсөж, Хятадын эрх баригчид эдийн засгаа дэмжих бодлогоо цаашид үргэлжлүүлбэл, түүхий эд, металлын зах зээл дээр эерэг үр дүнд цаашид гарах боломжтой.
Австрали, Тайланд, БНСУ зэрэг эдийн засаг нь Хятадтай хийх худалдаатай холбоотой улсын валютын ханш үүнтэй холбогдуулан бага зэрэг нэмэгджээ. Статистик мэдээлэл гарсан даруйд юанийн ханш ч мөн чангарсан ч удалгүй суларсан байна.
Сэтгэгдэл ( 0 )