Энэ жил нутгийн дийлэнх хэсгээр цас зудтай амаргүй нэгэн өвлийг үдэв. “Зуд зургаан сар хүртэл” гэдэг ч чин зоригт малчин түмнийхээ хөдөлмөр зүтгэлээр хахир өвлийг өнөтэй давж, хаврын тэргүүн сартай золгох гэж байна.
Дун цагаан цас цавцайсан дүн өвлийн хүйтнийг уясааж, малчны хотноо нялх төлийн дуу цангинаж ирэх цагийг урин дуудах мэт уянга төгөлдөр байгаа даа, Монголын хөдөөд.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуу агсан “Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо хоттой хонин дотор минь гялалзаж байсан юм билээ” гэгчээр дөрвөн цагийн эргэлтэнд борви бохисхийлгүй зүтгэсэн нөр их хөдөлмөрөө төр засгаараа үнэлүүлж, алдар суугаа аймаг, сум даяараа дуурсгаж, аав ээжийнхээ магнайг тэнийлгэж, алдрай үрсийнхээ үлгэр дууриал болж, айл хотлоороо баяр хөөрөө хуваалцан найрын ширээний хойморт шинээр төрсөн Улсын аварга малчин, фермерүүд маань налайн суугаа. Төр ёсны их баяр Цагаан сараар Улсын аварга малчин, фермерүүдийн шагналыг гардуулдаг уламжлалтай.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Дорнод, Сүхбаатар аймагт ажиллан Улсын аварга малчин, фермерүүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулж явна. Наран ургах зүгт буюу дорны цэлгэр талаас хэн хэн энэ жилийн аваргаар тодорсон бол.
Дорнод аймгийн Чулуунхороот сумын малчин Б.Өсөхбаярын гэр бүл Улсын аварга малчин, Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин Д.Бямбасүрэнгийн гэр бүл Улсын аварга фермер, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчин Д.Ренциндоржийн гэр бүл Улсын аварга малчнаар шалгарчээ.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Улсын аваргыг шалгаруулахдаа олон шалгуур үзүүлэлтийг харсан
-Улсын аварга малчныг шалгаруулахдаа зөвхөн олон малтайг биш нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ, татвараа яаж төлж байна вэ, залуу болон туслах малчдаа хэрхэн сургаж байгаа вэ, тэднийхээ нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ, малын тоо толгойд биш ашиг шимийг дээшлүүлсэн байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харж дүгнэсэн. Цаашид малын тоо толгой биш ашиг шим чухал гэдгийг байгаль, цаг уурын өнөөгийн нөхцөл байдал ч сануулж байна. Энэ жил нэлээд хүйтэн, зудархаг өвөл боллоо. Удахгүй хаврын тэрүүн сар айлчилж модон луу жил гарах гэж байна. Монголынхоо нийт малчин түмэндээ сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Улсын аварга фермер Д.Бямбасүрэн: Хүссэн хүний хүрдэг оргил биш
-Манай гэр бүл Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багт 23 жил тасралтгүй фермер хийж байна. Өнгөрсөн онд л гэхэд 15 мянган литр сүүг зах зээлд нийлүүлсэн. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд нийтдээ 350 мянган литр сүү нийлүүлж, эрүүл хүнсээр иргэдээ хангажээ. Анх морин чарга, тэгээд тэмээн тэрэг, одоо машин техникээр сүүгээ зөөж байна даа. Улсын аварга фермерээр шалгарч, нэр хүндтэй сайхан шагналын эзэн болж төрдөө үнсүүлж байгаадаа манай гэр бүл маш их баяртай байна. Хүссэн хүн болгон хүрдэг амжилтын оргил биш. 23 жил зүтгэсний буян заяа түшлээ. Монгол Улсын төрийн сайд ирж бидэнд хүндэтгэл үзүүлнэ гэдэг бас их аз завшаан юм байна. Манайх дөрвөн төрөл дээр нь малаа өсгөдөг. Одоо тугаллах үнээ 100 гаруй бий. Жилийн дөрвөн улирлын туршид 15-20 үнээ саадаг. Энэ жил цаг хатуу байсан учраас өвөл саасангүй. Үхэр тугалаа тэжээж байгаа. Хадлан тэжээлээ өөрсдөө бэлтгэж, татаж авдаг. Одоо ногоон тэжээл тарих санаа бий.
Улсын аварга малчин Д.Ренциндорж: Байгалийн тогтоцоо ашиглан чулуун хороо барьдаг
-Би өөрөө долоон хүүхэдтэй айлын отгон хүү. Үе дамжсан малчин айл. Гэр бүлийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга суманд мал маллан амьдардаг. Ангийн охинтойгоо ханилаад 30 жил болж байна. Манайх дөрвөн хүүхэд, хоёр хөөрхөн зээтэй. Манай хүүхдүүд бүгдээрээ “малд нүд”-тэй ч бага хүү маань малчин болсон. Бид хоёртой хамт мал маллаж байгаа. Би өөрийнхөө барилгачин мэргэжлийн онцлог, байгалийн тогтоцоо ашиглан гар доорх материал, хад чулуугаар хашаа хороогоо барьдаг. Хүн хөдөлмөрлөж зүтгэж чадвал сайхан амьдарна. Өвөлжөө тавлаг сайхан. Энэ жил 999 толгой мал тоолуулсан. Үүнээс 60 тэмээтэй. Хүндтэй сайхан шагнал авсандаа бид баяртай байна. Мөн маш их хариуцлага ирж байна гэж бодож байгаа.
Улсын аварга малчин Б.Өсөхбаяр: Хамгийн залуу “Хоёр мянгат” боллоо
-Дорнод аймгийн Чулуунхороот сумын III багт гэр бүлийн хамт мал малладаг. Аймгийнхаа хамгийн залуу Улсын аварга малчин болсондоо бид баяртай байна. Бид үе дамжсан малчид. Хар багаасаа малын захад өссөн дөө. Малаа таван төрөл дээр нь өсгөж үржүүлдэг. Хонь голлосон “Хоёр мянгат” малчин боллоо. Гэхдээ тоо толгойнд биш малынхаа чанарт анхаардаг. Үүлдэр угшлыг харж малаа сайжруулдаг даа. Өвс тэжээл, хадлангаа өөрсдөө авдаг.
Сэтгэгдэл ( 0 )