Цагаан сарыг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болгоё!

2024 оны 02 сарын 16

Монголчууд Манжийн дарлалд 200 гаруй жил, Зөвлөлтийн эрхшээлд 70 жил болохдоо их олон зүйлийг алдаж асгаж, мартаж гээсэн ч Цагаан сар, наадам хоёроо аваад л үлдсэн байдаг. Улс төрийн хувьд амаргүй нөхцөл байдалтай тэртээх он жилүүдэд шашин соёлын зарим нэг зан үйлтэй хольж хутгаж, дараах үед нэрийг нь сольж “Малчдын баяр” болгож байгаад ч хамаагүй өв соёл, үүх түүхээ үр хойчдоо үлдээхийг эрхэмлээ биз. Үндэсний их баяр наадам, Цагаан сар хоёр бол монголчуудын өв соёл, оюун санааны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг хэмээн учир мэдэх өвгөд хуучлах. “Үгэн дотор үг, үхэр дотор гиваан” гэдэг шиг учиртай энэ үгийг дээдэс зүгээр нэг хэлээгүй.

Сүүлийн 30 жилд өнгөндөө Цагаан сар өргөн дэлгэр, сайхан болж байгаа мэт боловч цаагуураа монголчуудын ёс уламжлал, бэлгэ тэмдэг руу нь халдах, алсуураа айл гэрийг өрхийн төсвөөр нь дарамтлан түйвээх, үндэсний мөнгөн тэмдэгт “зүсээ хувирган” урд зүгийн наймаачдын бэлийг улам зузаатган, адагт нь өвлөн тээгчдээр өөрсдөөр нь энэ баярыг бүрмөсөн жигшүүлж, хэтдээ болиулах гэсэн санаа гадна, дотны хүмүүсээс үе үе цухалзах нь анзаарагддаг болсон. Үүнийг ч учир мэдэх мэргэд, эрдэмтэн судлаачид сануулан хэрхэн яаж тэмдэглэдэг үүх түүх, өв соёлыг нь хэлж өгсөөр. Заримд нь зааж сургасаар өдий хүрэв. Харин энэ луу жилд зарим зүйл зөв голдиролдоо орж зон олны магнай тэнийх шинжтэй.

Цагаан сараар монголчууд Эрээний бараанд байдгаа баран зутарч, эдийн засгийн хувьд тамирдах биш харин ч эсрэгээрээ аялал жуулчлалын салбараараа дамжуулан соёлын эдийн засгаа хөгжүүлэх боломжтой юм биш үү. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Манай улсад ирж буй жуулчдын олонхи нь онгон байгаль, нүүдэлчдийн өв соёл, Үндэсний их баяр наадам, “Дээлтэй Монгол” зэрэг дандаа урин дулааны улиралд буюу зун зохион байгуулагддаг арга хэмжээг зорьдог. Аялал жуулчлалын компаниуд ч эрсдэл үүрэх дургүй бололтой. Зуны цагт жуулчин хүлээж авах юм. Гэтэл манай улс дөрвөн улиралтай. Магадгүй, цас үзэх сонирхолтой жуулчид бий. Тэднийг хүйтний улиралд хүлээн авах, гэхдээ бага зэргийн эрсдэлтэй ч сонирхолтой арга хэмжээ үзүүлэх ухаан бидэнд байна уу. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Цагаан сарын баяр нэмэртэй. Монголын 13 ястан бүр төдийгөөс өдий хүртэл өөр өөрсдийн заншил, уламжлалаар энэ баярыг тэмдэглэсээр ирсэн. Өвлийн дээл хувцас, өмсөх дэг ёс, золгох, уул овоонд гарах, идээ умдаагаа бэлтгэх, засах, хүртэх, шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах зан үйл, тоглоом наадгай, гар цайлгах ёс гээд үзүүлэх, тайлбарлах зүйл мундахгүй. Баруун, зүүн, хангай, говийн гээд газарзүйн байршлаасаа шалтгаалаад ёс заншил угсаатан ястан бүрд өөр.

Үнэндээ, бид өнөөдрийг хүртэл өвлийн аялал жуулчлалыг Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”, Чингисийн хүрээний “Бүргэдийн баяр”-аар аргацааж ирлээ. Дотооддоо бол, сүүлийн жилүүдэд Цагаан сард зориулсан жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг энд тэнд дэлгээд уламжлал болов. Энэ жилийн хувьд Монголын Үндэсний музей сар шинийн баярт зориулан “Монгол Цагаан сар” хэмээх 100 гаруй үзмэртэй тусгай үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Ховд аймагт Хар-Ус нуурнаа “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр баруун бүсийн өвлийн наадмын хэмжээнд зохион байгуулагдсан. Ингэсгээд л бид өөрсдөө “ичээндээ орж”, Цагаан сарын их цэвэрлэгээ, бууз банш боох, ууц өвчүү чанах, ааруул хэвийн боов авах, гарын бэлэг бэлдэх гээд ахуйн ажилтайгаа зууралдаад нам гүм болчихсон.

Гэтэл дэлхийн улс орнууд өдөр бүр шинэ зүйл сэдэж, өөр хоорондоо хүчтэй өрсөлдөж, аялал жуулчлалын орлого 3-4 хувь буурахад л үймэлдэн сандралдаж, учир шалтгааныг олохоор хичээж, улам ихээр ажиллаж байна. Тухайлбал, манай өмнөд хөрш БНХАУ нүүдлийн соёл, Цагаан сарын уламжлалт ёс заншил, идээ ундааг Өвөрмонголоор дамжуулан танилцуулж, түүндээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийн эргээд тэр хэрээрээ ашиг орлоготой ажиллаж байна. Өнгөрсөн жил гэхэд л Цагаан сарыг Хятадын уламжлалт баяр болгон ЮНЕСКО-гоор батлуулчихсан ч байх шиг. Харин нүүдэлчдийн уугуул голомтоо сахиж үлдсэн монголчууд юун өв соёл, өвлийн аялал жуулчлал манатай хавсай хаядаг, хаядаггүй, еэвэн тавина, тавихгүй, ааруул үнэтэй, үнэгүй гэх мэтээр жижиг сэдэв маажиж, маргасан шиг ээ нэгэн өвлийг давав.

Энэ бүгдээс харахад, гадныхан манай өвлийн улиралыг сонирхдоггүйдээ биш юм байна. Аялал жуулчлалын улирлаа уртасгаж, өвөл жуулчин хүлээж авах ажлыг бид өөрсдөө хийхгүй байна биш үү. Сурталчилгаа мэдээллээ хүргэхдээ хүртэл дандаа зун авсан зураг, дүрс явуулдаг. Үндэсний их баяр наадмаа сурталчилдаг шигээ одоо Цагаан сарыг, өвлийн аялал жуулчлалыг сурталчлах юм бол ирэх жуулчид бий. Хэн бэ гэж үү. Дэлхийн өнцөг булан бүрд 55 сая монгол угсаатан амьдарч, аж төрж байна. Тэднээс өвөг дээдсийнхээ нутаг орныг зорьж, хүндэтгэл үзүүлэх, эргэл мөргөл хийх, уугуул дэг ёсоор нь Цагаан сарын баяр тэмдэглэж үзэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй бий. Мөн дулааны улиралтай болон бусад үндэстэн ястны хүмүүс ч Монголын өвлийн байгаль, нүүдэлчдийн ахуй соёл, хүн, малын зориг тэвчээр, дасан зохицох чадвар, амьдрах арга ухаан, үндэсний их баяр Цагаан сар гээд үзэж сонирхох зүйл бишгүй.

Жуулчдыг зөвхөн зун ч хүлээж авдаг юм биш. Өвөл ч хүлээн авах боломжтой. Өв соёл, зан заншил өвөл, зунгүй байсаар, өвлөн тээж, уламжлагдсаар байхад Цагаан сараар өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ зохион байгуулж болно. 

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(103.57.95.243) 2024 оны 02 сарын 17

Энэ харин маш сайхан зөв санаачлага шүү. Хэдэн солонгос хүүхэний хошного сурталчилж байхаар

0  |  0
Top