Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 111 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 111 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр ойн баярын хурлын үеэр уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 111 жилийн ойн мэндийг дэвшүүллээ.

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах их үйлсэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын оруулсан болон оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэв.

Үндэстнээрээ эвлэлдэн нэгдэх, харилцан ойлголцох, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх, ард иргэдээ сайн сайханд уриалан дуудах зэрэгт хэвлэл мэдээллийн байгууллагын манлайлал, үүрэг, оролцоо туйлаас чухал хэмээн онцоллоо.

 

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2024 оныг Ёс зүйг эрхэмлэх жил болгон зарласныг дурдаж, мэргэжлийн ёс зүйгээ баримтлан, тодорхой эх сурвалжгүй, баталгаа нотолгоогүй мэдээ, мэдээллээс зайлсхийж, нийгэмд бухимдал, талцал хуваагдал үүсгэхгүй байхын төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төр, ард түмнийг холбох гүүр нь болж, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэн ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Цаашид хууль бус үйлдэлтэй тэмцэх, нийгэмд шударга ёс тогтоох, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэн, нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 07

Ерөнхийлөгчөө Өнөрөөгөөс уучлалт гуйчих тэгвэл нэр хүнд чинь жоохон өснө сонгууль дөхөөд бнашүү

0  |  0
Top