Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, кибер халдлага зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
"МУ-ын ерөнхий сайд кибер аюулгүй байдлын зөвлөлийг ахалдаг, миний бие дэд даргаар нь ажилладаг. Ажлын албыг удирдаж байгаагийн хувьд аюулгүй байдлын зөвлөлийг хуралдууллаа. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 83 хувь нь кибер залилан эзэлж байгаа бөгөөд энэ тоо жил ирэх тусам өсөж байна. Кибер орчинд халдлагууд маш ихээр бүртгэгдэх болсон. Олон улсын судалгаагаар 2024 онд 9 их наяд долларын кибер орчин дахь хохирол дэлхийн хэмжээнд гарсан. 2050 онд энэ судалгаа 50 их наяд доллар хүрнэ гэж олон улсын судлаачид үзэж байгаа юм. Дэлхийд амьдран суугаа иргэдийн 66 хувь нь интернэт хэрэглэж байгаа үүнийгээ дагаад кибер гэмт хэргийн тоо өснө.
2020, 2021 онуудад кибер орчин дахь "хар зах" гэж нэрлэдэг зах зээлд монголчуудын мэдээллийг зарж, борлуулж байгаа тохиолдлууд бүртгэгдэж, хариу арга хэмжээнүүдийг авсан байдаг. Жишээ нь 2021 онд 2.3 сая иргэдийн овог нэр, и-мэйл, утас, гэрийн хаяг мэдээллүүдийг 700 доллароор зарж, 2020 онд койноор энэ мэдээллүүдийг зарж байгаа тохиолдол бүртгэгдсэн байдаг. Манай улс кибер аюулгүй байдлын хуулиа батлаад хоёр жил ч болоогүй байна. Өнгөрсөн 30 жил бол бид кибер, аюулгүй байдлын тогтолцооны талаар нэг ч удаа дугараагүй байсан. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийг батлаад бас хоёр жил ч болоогүй байна. Хувь хүний эмзэг мэдээлэл /эрүүл мэнд, биометр, генетик/ холбогдох нэр бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг веб хуудсаар дамжуулж иргэдийн мэдээлэл алдсан тохиолдол гарсан. Тэгэхээр энэ үл үзэгдэгч, дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг асуудал бидний нэн тулгамдсан асуудал болж хувирсан. Төрийн мэдээллийн сүлжээ рүү ч довтолгоо байдаг.
Иргэддээ анхааруулахад, и-мэйл хаяг, банкны нэвтрэх хаяг руугаа ордог нууц үгээ хүчирхэг паспорт зохиомоор байна. Янз бүрийн линкүүд дээр дарчхаад дараа нь амаа баримааргүй байна. Кибер зөвлөлийн зүгээс "Бод тэгээд товш" гэдэг уриалгыг гаргаж байна.
Кибер зөвлөлөөс өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэг нэг сарын хугацаанд ажиллаад, кибер зөвлөл дээр энэхүү мэдээллүүдийг танилцуулна. Бид нар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр кибер зөвлөл анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )