Хүн төрөлхтөнд амин чухал зургаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

2022 оны тавдугаар сард Украин дахь үйл явдлыг Тайваньд сэтгэл түгшин ажиглаж байв. Зуу гаруй жилийн түүхтэй гангийн “Азовсталь” үйлдвэр Оросын цэргүүдийн бүслэлтэд орж, бөмбөгдөлтөд өртсөн нь тайванчуудыг түгшээсэн. Учир нь Мариуполь нь инерт хий, тэр дундаа неоны томоохон нийлүүлэгчдийн нэг юм.

Мэргэжлийн бус хүмүүс неоныг гудамжинд байрлуулдаг зар сурталчилгааны самбарт ашигладгийг мэддэг. Гэтэл неон нь бичил чип үйлдвэрлэхэд ашигладаг лазерын долгионы шаардлагатай уртыг хангадаг байна.

Бичил чип арлын эдийн засагт ямар ач холбогдолтой гэдгийг тайлбарлах илүүц биз. Нано технологийн эрин зуунд ган чухал байр суурь эзэлсэн хэвээр.

Их Британийн тоймч Эд Конвейн бичсэнчлэн “дэлхийд бүх зүйлийг гангаар хийдэггүй ч бараг бүгдийг ган тоног төхөөрөмжөөр хийдэг”.

Тэрбээр хүн төрөлхтөнд амин чухал зургаан материалын тухай ном бичжээ. Эдгээр нь элс, давс, төмөр, зэс, газрын тос болон литий. Эл зургаа бидний соёл иргэншлийн хөгжлийн тулгуур хүч юм.

Конвей “Mатериаллаг Eртөнц” номоороо дамжуулан эдгээр материалуудын хэрэглээ, ашиглалтын дутуу үнэлэгдсэн талыг шинээр харах боломж олгож байна.

Тэрбээр амин чухал нөөц баялгийн төлөөх тэмцэл, эдийн засгийн хориг арга хэмжээний сэдвийг тусад нь хөнджээ.

“Эдийн засгийн зэвсэг: Орчин үеийн дайны хэрэгсэл болох хориг арга хэмжээний оргил үе” номдоо судлаач Николас Малдер энэхүү тулаан нь Их Британи, Франц хоёр Герман, Бразилын худалдааны эвслийг нураах хүчин чармайлтаас эхтэй гэж үздэг бол Конвей XVII зуунд Франц болон өөрийнх нь эсрэг боссон Америк дахь колони улсуудад нийлүүлэх шилэнд хориг тавьснаас эхтэй гэж үзэж байна. Тухайн үед германчууд Өмнөд Америкаас өндөр чанартай ган үйлдвэрлэхэд шаардлагатай марганц импортолдог байжээ.

Харин элснээс гарган авдаг шилний талаар Конвей чухам санаанд оромгүй түүх бичжээ. 1915 онд Дэлхийн нэгдүгээр дайны үед Их Британи цэргийн зориулалттай дурангийн хомстолд оржээ. Цэргийн дурангийн зах зээл дээр германчууд монополчилдог байв. Зөв, бурууг жингийн тухайгаар сайтар хэмжсэний эцэст Их Британийн цэргийн хангамжийн яам Швейцарын зуучлалаар дамжуулан Германд хандсан байна. Сонирхолтой нь дайсны тал тэр даруй 32 мянга, дараагаар сар бүр 15 мянган ширхэг дуран нийлүүлэхийг зөвшөөрчээ. Түүгээр үл барам германчууд 500 бууны дуран санал болгож, нийлүүлэлтээ хэд дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгээ мэдэгджээ. Берлинийг ийм найрсаг алхам хийхэд юу хүргэв? Тэр нь резин. Энэхүү стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний хиймэл хувилбар хараахан гараагүй байсан тул байгалийн каучукийг түүхий эд болгон ашигладаг байв. Харин байгалийн каучукийн нөөцөөр Британийн эзэнт гүрэн толгой цохидог байлаа. Германчууд каучукаа авсан эсэх нь тодорхойгүй ч Их Британийн архивуудад олдож байсан баримтаас үзвэл 1915 оны наймдугаар сард Германаас цэргийн дуранг шаардлагатай тоо ширхгээр нь авчээ. Хожим нь энэ мэдээлэл архиваас алга болсон байна.

Мэдээж хэрэг элсэнд хэрэглээний чухал салбар бий. Тэр нь цемент. Хэдэн жилийн өмнө Мексикт айл өрхүүдэд гэрийнхээ шалыг цутгахад нь зориулж цемент олгож байжээ. Ингэснээр шимэгч хорхойн халдварын тохиолдлыг 78 хувиар буруулж чадсан байна. Хүүхдийн дунд дэлгэрсэн суулгалтын тоо хоёр дахин, цус багадалтаар шаналж буй хүүхдүүдийн тоо 75 хувиар мөн буурчээ. Гэх зэрэг олон сайн үр дүн гарсан байна. Тухайлбал, хүүхдүүдийн сурлага сайжирч, ээжүүд нь сэтгэл гутралд орох нь багасжээ. Энэ бүгд нэг шуудай цементийн ач.

Шороон замыг хатуу хучилттай замаар сольсноор зам дагуу ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн цалингийн хэмжээ 25 гаруй хувиар нэмэгдэж, хүүхдүүдийн сургуулийн хамрагдалт нэмэгддэг болох нь судалгаагаар нотлогджээ.

Конвейн номын баатрууд болох эдгээр даруухан материалууд олон мянган жилийн турш хүмүүсийг салалгүй дагасаар өдгөө ирээдүй рүү бидэнтэй хамт итгэл төгс алхан орж байна.

Орчин үеийн автомашин дунджаар нэг км гаруй урт зэс утастай. Цахилгаан автомашинд үүнээс 3-4 дахин их зэс шаардлагатай, ингэхдээ хагас нь зөвхөн хөдөлгүүрт ашиглагддаг бол бусад нь утас, аккумляторт хэрэгтэй. Харин аккумлятораар ажилладаг автобусны хөдөлгүүр, цахилгаан схемд хагас тонн орчим зэс шаардагддаг байна. Өндөр хурдны галт тэрэгт үүнээс ч их.

Газрын тосны тухай бүлэгт үйлдвэрлэлийн процессын харилцан хамаарлыг гаргаж тавьдаг. 1945 оныг хүртэл үйлдвэрлэсэн бүх полиэтилэн онгоцны радарыг үйлдвэрлэлд ашиглагдсан бол дайнаас хойш Их Британийн монопол үйлдвэрт хуванцрын илүүдэл үүсжээ. Хожим нь цэргийн нууц технологид ашиглаж байсан илүүдэл хуванцар энгийн хүн амын гарт бэлэг болон очно. Ийнхүү хямд өртөгтэй хуванцар тоглоом, шүр сувс, гоёл чимэглэл зэрэг зүйлс бий болсон түүхтэй.

Зайн үйлдвэрлэл нь хөгжмийн кассетны үйлдвэрлэлийн “садан төрөл” болж таарав. Аль аль тохиолдолд химийн бодисыг нимгэн гадаргуу дээр түрхэж, дамарт ороодог байна. Дамарт ороох эл технологи нь литийн зай болон аудио кассетын соронзон хальсанд ижил тохирдог аж.

Зай үйлдвэрлэдэг томоохон компаниудын түүхэнд кассет хэрэглэдэг байсан үеийн брэндүүд дурдагддаг. Жишээ нь Sanyo / Panasonic-т очсон/, TDK /Хятадын CATL эзэмшдэг/. Sony зэрэг Японы компаниуд яагаад аккумляторын үйлдвэрлэлээр тэргүүлсэн шалтгаан нь “Handycam”, “Walkman” зэрэг хэрэгслүүдэд сайн зай хэрэгтэй байсан төдийгүй кассетны соронзон хальсыг хураах үйлдвэрлэлийн шугамаа катод, анод ороох технологи шилжүүлсэнтэй зарим талаараа холбоотой. Энэ нь орчин үеийн зай, аккумляторын эрин үеийн эхлэлийг тавьжээ.

Технологийн өөр нэг шилжилт нь зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “Tesla” компанид алдрын оргил өөд үсрэлт хийхэд тусалсан байна. Тус компани анхны цахилгаан “Roadster” автомашиндаа зориулж эд анги сонгож байх үед аккумлятор үйлдвэрлэлийн салбарт томоохон өөрчлөлтүүд гарч байлаа. Илүү нимгэн зөөврийн компьютер бүтээх зорилгодоо хөтлөгдсөн “Apple” зэрэг үйлдвэрлэгчид цилиндрээс хавтгай аккумляторт шилжиж байв. Удалгүй зах зээл дээр цилиндр эд ангийн илүүдэл үүсэж, улмаар хэний ч үл таних автомашин үйлдвэрлэгч стартап хямд үнээр их хэмжээний цилиндр эд анги худалдан авчээ. Үүний ачаар “Tesla” үсрэлт хийж чадсан гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Ихэнх автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ том хэмжээтэй дөрвөлжин аккумлятор хэрэглэж байхад “Tesla” компанийн ихэнх автомашинууд зөөврийн компьютерт зориулагдсан олон мянган жижиг зайгаар ажилласан хэвээр.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top