Нойр эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн нойр бие организмыг сэргээж, эрч хүч тэтгэдэг. Гэтэл олон хүн нойрны асуудалтай тулгарч, амарч чаддаггүй. Нойрны асуудал бүх насны хүнд тулгардаг ба ноцтой үр дагавар дагуулдаг байна. Нойрны тухай төөрөгдлийг шинжээчид тайлж байна.
-Нойрны дутагдал, илүүдэл хоёул аюултай
Байнга нойрны дутагдалтай байх нь таргалалт, зүрхний ишеми, чихрийн шижин зэрэг ноцтой өвчин үүсэхэд хүргэдгээс гадна наслалтыг богиносгодог байна. Нэг шөнө муу унтахад л хэтрүүлж идэх, анхаарал сарних, ой тогтоолт муудах зэрэг зовуурь илэрдэг гэнэ. 2016 онд “Scientific Reports” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл байнга нойроо хумсалдаг хүмүүс залуу насандаа хүртэл зүрхний асуудалтай болдог байна.
Хэт их унтах ч хүртэл хортой. 2018 онд Хятад, Канадын эрдэмтдийн хамтран явуулсан судалгаагаар өдөрт наймаас илүү цаг унтдаг хүмүүст зүрх, судасны өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг байна. Өдрийн цагаар нойрмоглох, хэт их унтах нь бодисын солилцоо болон бусад өвчнийг илэрхийлдэг. Өдрийн цагаар нойрмоглох нь шөнө сайн амарч чадаагүйн шинж. Үүний түгээмэл шалтгаан нь нойрны апноэ буюу унтах үед амьсгал заримдаа зогсох явдал юм. Түүнчлэн, унтах үед хөл татганах хам шинж, шүдээ хавирах, бие хөших, дааврын тэнцвэр алдагдах зэрэг шалтгаантай байдаг аж.
Хэт их унтах нь бие организмын үйл ажиллагааны хэмнэлийг мөн алдагдуулдаг байна. Үүнээс болж бодисын солилцоотой холбоотой өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. Канадын Лавалын их сургуулийн судлаачид хэт их унтдаг хүнд эсийн глюкозод мэдрэг байдал алдагддаг болохыг тогтоожээ. Энэ нь чихрийн шижингийн эхний үе шат юм.
-Амралтын өдрүүдээр алдсан нойроо нөхөж болно
Нойр өөрийн гэсэн “санхүү”-тай. Ажиллаж, цэнгэлдэхийн тулд нойрноос “бага хугацаа” зээлдсэн бол хоёр хоног унтаж, өрөө төлөх боломжгүй. Судалгаанаас үзвэл долоо хоногийн сүүлээр нойроо авсан ч дутуудсан нойрны улмаас үүсэх хохирол хэвээр хадгалагддаг байна. Техас муж дахь Бэйлорын их сургуулийн эрдэмтэд нойргүй шөнө, хэт их унтах тэмцээнтэй хослуулж байсан загварын ангийн оюутнууд төсөлдөө муу үр дүн үзүүлсэн байна. Тэд анхаарал сарних асуудалтай тулгарч, ердийн дэглэмтэй оюутнуудыг бодвол бүтээлч хандлага нь буурсан байжээ.
“Current Biology” сэтгүүлд 2019 онд нийтэлсэн судалгааны ажил “нойрны өр”-өө хохиролгүй төлөх боломжтой гэсэн төөрөгдлийг бүр мөсөн тайлжээ. Энэ зарчмаар амьдарч байсан хүмүүст архаг нойргүйдлийн үед илэрдэг илүүдэл жин, инсулинд мэдрэг бус, эрч хүч сулрах зэрэг асуудлууд ажиглагдсан байна.
-Дутуу нойр үргэлж анзаарагдана
Өөрөөр хэлбэл та бага унтсан ч гэсэн эрч хүчтэй, анхаарлаа төвлөрүүлж чадаж байгаа бол ямар нэгэн асуудалгүй гэж бодох талтай. Сэргэлтийн үедээ хүн нойрны хэрэгцээг мэдрэхгүй байх боломжтой ч хямралын үед ядарснаа мэдэрнэ. Хагас цаг эсвэл нэг цаг дутуу унтсан тохиолдолд үр дагавар нь анзаарагдахгүй байх боломжтой. Зарим хүн нойроо хязгаарлаж сурдаг. Гэсэн хэдий ч тэдний бие бялдар, оюуны хөдөлмөрийн чадвар буурдаг байна.
Нойрноосоо байнга хумсалдаг бол бие организмд ул мөр нь үлддэг. Бие организмын бүхий л тогтолцоог хянадаг биологийн идэвхжлийн мөчлөг алдагддаг байна. Үүний үр дагавар ялангуяа 24/72 цагийн хуваариар ажилладаг хүмүүст тод илэрдэг байна. Тухайлбал, хорт хавдар тусах, сэтгэхүйн чадвар алдагдаж, нас богиносох эрсдэл нэмэгддэг аж.
-Унтаж байхдаа суралцаж болно
Хүн унтаж байхдаа мэдээлэл авч, задлан шинжилж чаддаг байна. 2017 онд “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд оролцогчид нойрондоо сонссон зарим үгээ санаж байжээ. Гэхдээ энэ нь богино хугацааны нойронд хамаатай аж. Харин гадаад хэл, замын хөдөлгөөний дүрэм зэргийн сурахад хангалтгүй гэнэ. Түүнчлэн, нууц үг, нэр эсвэл чиглэл зэрэг энгийн зүйлсийг цээжлүүлэх оролдлого мөн бүтэлгүйтсэн байна. Хамгийн гол учир нь тархи үг хоорондын холбоог таниагүй байна.
2018 онд “Scientific Reports” сэтгүүлд хүнийг унтаж байхад нь сургах болдгийг үгүйсгэсэн судалгаа нийтлэгдэж байжээ. Судалгаанд оролцсон 26 хүнд холбоо бүхий гурван үгийг сонсгожээ. Тэд зүүрмэглэх үедээ сонссон дуу чимээний логик холбоог санаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл унтаж буй хүний тархи мэдээлэл хүлээн авч, тогтоодог ч логик үйл ажиллагаа нь энэ үеэр ажилладаггүй байна.
-Хаана, хэрхэн гэдэг нь чухал биш, гол нь хэр их
Хүн гэрэлтэй, шуугиантай орчинд тухгүй байрлалд унтаж сурдаг ч үүнийг эрүүл нойр гэдэггүй байна. Судалгаанаас үзвэл шөнийн дуу чимээ адреналин, кортизол зэрэг стрессийн даавар их хэмжээгээр ялгарахад хүргэж, зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлдэг байна. Үүний улмаас амралтын чанар муудаж, эрүүл мэндэд нөлөөлдөг байна.
Гэрэлтэй орчинд унтахад мөн ийм үр дагавартай байдаг аж. Бүдэг гэрэлд унтахад хүртэл зүрхний хэмнэл ихэсдэг болохыг судалгаа харуулжээ. Өдрийн ачааллын дараа ийм орчинд унтахад бие организм бүрэн сэргэж чаддаггүй байна. Ийм нойрны дараа оролцогчдын глюкозод мэдрэг байдал нь буурч, бие организм нь идсэн хоолноос глюкозыг үр дүнтэй ашиглаж чаддаггүй байна.
Байрлал мөн ач холбогдолтой. Унтах үед нуруу, ялангуяа хүзүүний хэсэгт ачаалал өгөхөд толгой өвдөх, хүзүү, үе мөч хөшихөд хүргэдэг ба энэ эргээд нойрны чанарт нөлөөлдөг байна. Харьцуулсан судалгаанаас үзвэл дээш харж унтах нь булчинд хамгийн бага ачаалал өгдөг аж. Ингэхдээ дэр бага зэрэг хатуу байх учиртай гэнэ.
Өдрийн турш хөдөлгөөн багатай байдаг хүмүүсийн нойрны чанар муудахаас гадна үргэлжлэх хугацаа нь богиносдог байна.
-Үдэш оройн цагаар хэт ачааллаас татгалзах хэрэгтэй
Орой, үдшийн цагаар идэвхтэй хөдөлгөөн хийж, бие организмд ачаалал өгөх нь нойронд мөн нөлөөлдөг байна. Учир нь бие халж, бодисын солилцоо идэвхэждэг тул тайвшрахад цаг шаарддаг байна. Гэсэн хэдий ч оройн цагаар биеийн тамирын дасгал хийхэд нойрны чанар сайжирдаг судалгаа бас бий. 2013 онд “Sleep in America” судалгаа унтахаас дөрвөн цагийн өмнө биеийн тамирын хөнгөн дасгал хийхэд нойронд эрүүл хүний нөлөөлдөггүй болохыг тогтоосон байна.
-Шар шувуу, боролзой богширго хоёулаа эрүүл
Хамгийн түгээмэл онолоор хүмүүсийг хоёр ангилдаг. Эрт босож, эрт унтдаг /боролзой богширго/, эсрэгээр орой унтаж, орой сэрдэг /шар шувуу/ хоёр төрөлд ангилдаг. Энэ хэмнэлийг өөрчилж болохгүй ч дасаж болдог. Харин эл хэмнэлийг өөрчлөх оролдлого асуудал үүсгэдэг байна. Манчестерийн их сургуулийн биологичид эл хэмнэл нь гентэй холбоотой болохыг тогтоожээ. Гэхдээ хүрээлэн буй орчин, ажил, хөдөлмөрийн онцлог зэрэг хүчин зүйлс мөн нөлөөлдөг байна. Орой унтах зуршил эрүүл мэндэд эрсдэлтэй аж. Оройн цагаар хоол идэхэд калорийн хэрэглээг нэмэгдүүлж, жин нэмэгдүүлдэг байна. Шар шувуунуудад цусны даралт өсөх нь элбэг тохиодог байна.
Харин эрт босохыг илүүд үздэг хүмүүс илүү эрүүл байдаг аж. Ийм төрлийн хүмүүс хөдөлгөөн ихтэй, тамхи бага татдаг, эм бага уудаг ба нойронд сайн. Сэтгэл санааны хямралын хувьд шар шувуунууд ч тэр, боролзой богширгууд ч тэр ижил автах магадлалтай ч орой унтаж, эрт босдог хүмүүс хямралд орох нь илүү элбэг аж.
Зарим судалгаа нойрны хэмнэлийг өөрчилж болохгүй гэсэн онолыг үгүйсгэж байна. 2019 онд “Sleep Medicine” сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Шар шувууны төрөлд хамаарах сайн дурын оролцогчид гурван долоо хоногийн турш унтаж, сэрэх цагаа 2-3 цагаар наашлуулж, 15.00 цагаас хойш кофе уухгүй, 19.00 цагаас өмнө хооллосон байна. Туршилтын дүнгээс үзвэл нойрны хэмнэлээ ийн өөрчилсөн хүмүүс унтах цагаа 1.73 цаг, сэрэх цагаа 1.92 цагаар тус тус наашлуулж чадсанаас гадна нойрны үргэлжлэх хугацаанд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Тэр бүү хэл стресс, сэтгэл санааны хямралын үзүүлэлтүүд нь ч сайжирч, эрч хүч нь нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Bi omnon baga untdag bsn ym l daa hicheel2 ged l zarimda bvr untdaggu hicheele hiiged tiim bsn ym odoo minii noir bainga hvreed untuul serehgugeer untaad l bh ym ene odo yaj bgn bol helj ogch tuslaac