СОНИРХУУШТАЙ | Жеймс Бонд БОДИТ хүн мөн үү?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Хагас зууны тэртээ Йан Флемингийн зохиолд дүрээ олж, удалгүй дэлгэцэд дүрсээ олсон Жеймс Бонд үнэхээр байсан тухай европын орнуудаар шуугьж эхэллээ. Үнэхээр ийм нэртэй гаднын тусгай албаны ажилтан байсан тухай Польшийн архивын газраас дэлхий нийтэд дэлгэжээ.

Хүйтэн дайны үед баруун талын үзэл баримтлалтай орнуудад үзэл суртлын шинж чанартайгаар бий болсон Жеймс Бонд үнэхээр бодит хүн байв уу? Польшийн архивын газраас энэ асуултад тийм гэж хариулж байна.

Жеймс Бондын тухай дэндүү гэмээр адал явдалтай киноны гурав дахь анги дэлгэцэд гарч байх мөчид яг адилхан нэртэй нэгэн ажилтан зүүний талын Польш улсад нэвтэрсэн байжээ. Архивын баримт материалыг харвал Варшавт ирсэн сайх эрийг Жеймс Альберт Бонд гэдэг байж. Польшийн хилээр нэвтэрсэн он цаг нь 1964 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр байсан юм.

Албан бичгээс харвал тэрээр  1928 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Английн Девон тойргийн Торридж дүүргийн Байдфорд тосгонд мэндэлжээ. Польш улсад 1964 онд нэвтрэхдээ Английн элчин сайдын яамны Цэргийн атташе архивын ажилтан гэж бүртгүүлсэн байна.

“Цэргийн атташе, архивын ажилтан гэхээр ажил үүргийн хуваарь нь тодорхой л доо. Тухайн үед элчин сайдын яаманд түүнийх шиг ажил үүргийн хуваарьтай хэн ч байгаагүй. Тэгэхээр яах аргагүй тагнуулын ажилтан болж таарч байгаа юм”

Польшийн Үндэсний архивын хүрээлэнгийн захирал Марцена Курц 

Архивын хүрээлэнгийн гаргаж ирсэн дээрх баримт Польш улсын түүхчдийн дунд маргаан, мэтгэлцээний гол сэдэв болоод байна. Нэг хэсэг нь бодит баримт байх магадлалтай гэж байгаа бол нөгөө хэсэг нь зүгээр л давхцал өөр юу ч биш гэсэн өнцгөөс харж буй аж.
 

Польшийн Үндэсний архивын хүрээлэнд хадгалагдаж буй Жеймс Альберт Бондтой холбоотой материал


Ямар ч байсан энэ мэдээлэл Reuters, Guardian зэрэг томоохон агентлагуудаар сэдэв болж цацагдсаны дараа Британийн тагнуулын албанаас албан ёсны хариуг Польшийн талд илгээжээ. Британийн тагнуулын алба тухайн он цагт Жеймс Альберт Бонд нэртэй ямар нэгэн ажилтан тагнуулын албанд ажиллаж байгаагүй гэдгийг баталсан байна. Түүнчлэн Польш дахь Английн элчин сайдын яамаар дамжуулан Британийн тал энэ мэдээлэл баримтаар нотлогдоогүй гэдгийг мэдээлсэн юм.

Польшийн сөрөг тагнуулын албаны аравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан Филип Хагенбек харин өөр бодолтой байна. “Тухайн үед Жеймс Альберт Бонд ноцтой ямар нэгэн тагнуулын ажил гүйцэтгэж байсан байж болох юм. Чухамдаа ийм учир шалтгаанаар холбогдох баримт бичгүүдийг санаатайгаар устгуулсан байж ч мэднэ. Учир нь тухайн цаг үед Йан Флемингийн зохиол ид мандаад кино болоод ирэхийн цагт тагнуулын мэдээлэл нь ил болох магадлалтайг тэд бодолцож үзсэн байж л таараа” гэж Филип Хагенбек дурсжээ.

Өдгөө зохиолын амилсан баатар мэт яригдаж буй Жеймс Альберт Бондын гэргий энх тунх амьдарч байна.

Английн нэгэн хэвлэлд  түүний эхнэр Аннет Бонд ярихдаа:

“Нөхөр маань тагнуулч байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм.  Ямар ч байсан хөршүүд сонсчихно гээд ямар нэгэн чухал зүйл ярихдаа цаасан дээр бичдэг байсан. Варшавт Элчин сайдын яамтай холбоотой ажлаар очиж байсан тухайгаа надад хэлж байсан” гэжээ. Үүнээс өөрийг тэрээр нэмж дурсаагүй аж.

Харин түүний хүргэн дүү Кийт Таки дурсахдаа Йан Флемингийн зохиолд гардаг баатартай зарим талаараа адилхан гэж дурсжээ. “Эмэгтэй хүнтэй харьцдаг байдал, ихэмсэг гэмээр зан байдлаараа адилхан байж мэднэ. Гэхдээ энэ нь Жеймс Бонд зохиолын гол дүр нь манай ах гэсэн үг огт биш” гэсэн байна.

Британийн тэнгисийн цэргийн тагнуулын газарт ажилладаг байсан Йан Флеминг 1953 онд ур чадвартай, баригдашгүй тагнуулж Жеймс Бондын тухай анхны зохиолоо хэвлэлтэд гаргасан байдаг. Зохиолын судалгаа бараг арав илүү жил үргэлжилсэн гэж бодохоор дайны үеэс санаагаа 1940-өөд оноос ургуулж сэтгэлдээ төсөөлж байсныг үгүйсгэхгүй. Дайны цаг үед цэргийн тагнуулын хэд,хэдэн ажиллагаанд оролцож байсан түүнд санаагаа ургуулахад саадгүй байсан тухай намтар судлаач нь хожим дурссан нь бий.


Эх сурвалж: Wall Street Journal, Fox News

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодь(202.179.24.227) 2020 оны 10 сарын 24

Д. Сүхбаатар бодит хүн мөн үү? Энд ямар хариулт өгөхөөс шалтгаалж Жэймс Бондын асуудал шийдэгдэнэ.

0  |  0
Top