БНХАУ, Их Британийн нейрофизиологичид хүн өдөрт долоон цаг орчим унтахад тархины эс хамгийн удаан хөгширдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Кембрижийн их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр, эрдэмтэд сайн дурын 500 мянган өндөр настай оролцогчдын нойрны үйл ажиллагааг ажигласны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.
Нойрны дутагдал эсвэл илүүдэл нь өндөр настнуудын тархи хөгшрөх явцыг түргэсгэдэг болохыг ажиглалтууд харуулжээ.
Фудань их сургуулийн профессор Фэн Жянфэн тэргүүтэй нейрофизиологичдийн баг Их Британийн “UK BioBank” генийн мэдээллийн сан бүтээхэд оролцож буй Их Британийн 500 мянга орчим иргэний мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд нойр хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Оролцогчдын дундаж нас нь 56 байв.
Судалгаанаас үзвэл оролцогч хоногт 7-8 цаг унтсан тохиолдолд тархинд хөгшрөлийн өөрчлөлт хамгийн бага илэрчээ. Үүнээс бага эсвэл их цаг унтвал тархины том хэсгийн бор хальсны бүтэц дэх цагаан бодисын хэмжээ багасаж, мэдрэлийн эс үхжих зэрэг өөрчлөлт гарч байжээ. Хоногт долоон цаг унтаж байсан оролцогчид сэтгэл санаа түгших зэрэг сэтгэцийн өөрчлөлтөд нэрвэгдэх нь бага байснаас гадна ой тогтоолт нь сайн, хариу үйлдэл үзүүлэх хурд өндөр байжээ. Үүнээс үзвэл долоон цагийн нойр тархины эсийн үйл ажиллагааг сэргээх, хөгшрөх явцыг удаашруулдаг болохыг илтгэж байна гэж нейорофизиологичид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )