Өнөөдөр Дэлхийн нойрны өдөр

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт Дэлхийн нойрны өдрийг тэмдэглэдэг. 2020 онд энэ өдөр өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд тохиож байна.

Дэлхийн нойрны өдрийг Дэлхийн нойрны анагаах ухааны холбоо, Дэлхийн нойрны холбооны хамтран үүсгэн байгуулсан Дэлхийн нойрны нийгэмлэгээс 2008 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр иржээ. Энэ өдрийг нойргүйдэлтэй холбоотой асуудалд бүх нийтийн анхаарлыг  хандуулах зорилгоор бий болгожээ. Энэ жил Дэлхийн нойрны өдрийг “Илүү сайн нойр, илүү сайхан амьдрал, илүү сайхан дэлхий” сэдвийн дор болж байна.

Орчин цагт нойрыг хүний амин хэмнэлийн дасан зохицох үүрэг гүйцэтгэдэг үе, идэвхтэй байдал гэж авч үздэг байна. Хүн унтаж байх үед богино хугацааны ой тогтоолт сэргэж, алдагдсан сэтгэл зүйн хамгаалалтын тогтолцоо тэнцвэрждэг байна. Хүн амьдралынхаа гуравны нэгийн унтаж өнгөрүүлдэг. Дэхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах ёстой. Нойр дутагдсанаар хүний бие организмд хөгшрөлтийн үйл явц хурдасдаг бөгөөд байнгын нойр дутуу байх нь хүний тархины ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг аж. Нэг хоног нойргүй байхад тархинд химийн урвал явж, сэтгэц гэмтэхэд хүргэдэг бол хоёр хоног нойргүй явахад дааврын тэнцвэр алдагдаж, тархины хатуу бүрхүүл дэх нейрон сүлжээ гэмтдэг байна. Гурав, дөрвөн хоног нойргүй явахад тархины эс гэмтэж эхэлж, дотор эрхтэн, ялангуяа зүрхэнд очих ачаалал нэмэгддэг аж.

Нойроо сайжруулахын тулд тогтмол цагт унтаж, сэрэх, унтахаас өмнө дор хаяж дөрвөн цагийн өмнөөс согтууруулах ундаа хэрэгдэхгүй байх, тамхины хэрэглээгээ багасгах, болих, унтахаас зургаан цагийн өмнө цай, кофе, энергийн ундаа, шоколад зэрэг кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, унтахаас дөрвөн цагийн өмнө хүнд, халуун ногоотой эсвэл чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх, тогтмол дасгал хийх, өдрийн цагаар унтах хугацааг 40 минутаас илүү хэтрүүлэхгүй байхыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 15

yamar hoorhon evleg egdyytei tavtai untaj bainaa

0  |  0
Zochin(103.212.118.58) 2020 оны 03 сарын 13

Нойргүйдэх номер нэг аймшигийн өвчин

0  |  0
Top