Нойрны саажилт уу, сүнсэнд даруулах уу!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

Нойрны саажилт гэдэг нь хүн сэрсэн даруйдаа эсвэл унтахынхаа өмнө хөдөлж, ярьж чадахгүй болох түр хугацааны байдлыг хэлдэг. Ийм байдалд хүний тархи идэвхтэй ажиллаж байдаг ч бие нь саажсан мэт болдог байна. Эл байдалд орсон хүн айдаст автаж, цээжин дээр нь дарж буй мэт, тэр бүү хэл хий хоосон зүйл харах, сонсох, хүрэх мэдрэмж төрдөг. Ийм шинж тэмдэг айдас төрүүлдэг ч ямар ч аюулгүй гэдгийг ойлгох нь чухал. Энд ямар нэгэн ер бусын зүйл үгүй бөгөөд шинжлэх ухаанд энэ үзэгдлийг тайлжээ.

Шинжлэх ухааны судалгаанууд

Янз бүрийн судалгаанаас үзвэл, хүмүүсийн 7-8 хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа ийм үзэгдэлтэй тулгарч байжээ. Зарим хүмүүсийн хувьд бүр тогтмол тохиодог бөгөөд амьдралын чанарыг нь нэлээд бууруулдаг байна.

Дундад зууны үед нойрны саажилтыг ер бусын үзэгдэлтэй холбон тайлбарладаг байжээ. Ийм үзэгдлийг “муу ёрын сүнснүүдийн дайралт” эсвэл “амьсгал боогч сүнс”-тэй холбодог байв. Учир нь тухайн үед шинжлэх ухааны тайлбар байгаагүй.

XVII зуунд ийм байдалд орсон эмэгтэйн түүхийг анх Холландын эмч Исбранд ван Димербрук бичжээ. “Урилгагүй” зочдыг хөөхийн тулд эмэгтэй хөдөлж чадахгүй, амьсгаа нь давчдаж байв”.

1876 онд Америкийн эмч, зохиолч Сайлас Уэйр Митчелл “нойрны саажилт” гэсэн нэр томьёог нэвтрүүлж байжээ.

ХХ зуунд энэ байдлыг нойрны мөчлөгүүд болон эдгээр хоорондын шилжилтийн судалгаа хийх явцад судалсан байна. 1950-иад онд Америкийн судлаач Натаниэл Клейтман шавь нарын хамтаар хөнгөн буюу богино хугацааны нойрны мөчлөгийг анх тодорхойлжээ. Ийм төрлийн нойр нь нойрны саажилтын механизмыг ойлгоход туйлын ач холбогдолтой байв. Ингэхдээ судлаачид тархины идэвхтэй үйл ажиллагааг  шинжлэхийн тулд цахилгаан энцелографыг ашигласан байна. Үүн дээр тулгуурлан нойрны мөчлөг хоорондын шилжилтийн саатлыг нойрны саажилттай харьцуулан судалж эхэлсэн байна.

1987 онд АНУ-ын сэтгэл зүйч, нойр судлаач Алан Чейн нойрны саажилтын үед хий юм харах, сонсох, мэдрэх гэсэн ангиллыг тодорхойлсноор энэ үзэгдлийн судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Өнөө цагт энэхүү оньсого шиг үзэгдлийн судалгаа үргэлжилсээр байна. Ингэхдээ амьдралын хэв маяг, өвчлөлтэй холбон судалсаар байна. Мөн нойрны саажилтыг архаг стресс, түгшүүр, гэмтлийн дараах эмгэгтэй холбон судалж байна. Энэ хүрээнд их хэмжээний айдас түгшүүртэй хүмүүс саажилтад өртдөг болохыг тогтоожээ. Учир нь стресс нойр болон мөчлөг хоорондын шилжилтэд нөлөөлдөг аж.

Биологийн тайлбар

Нойрны саажилтын үеэр юу болдгийг ойлгохын тулд бидний бие организм унтаж байх үед хэрхэн ажилладаг талаар бага зэргийн ойлголттой болох хэрэгтэй. Нойр нь хоёр үндсэн мөчлөгтэй байдаг аж. Хөнгөн ба гүн. Гүн нойрны мөчлөгт тархины идэвхжил, амьсгал болон зүрхний цохилт сул байдаг байна. Харин хөнгөн нойрны мөчлөгийн үед бидний тархи идэвхтэй байдаг хэдий ч бие махбод бараг бүхлээрээ хөдөлгөөнгүй байна. Ингэснээр зүүдлэх үед хийх хөдөлгөөнөөс сэргийлж байдаг.

Харин нойрны саажилт нь энэхүү механизмд алдаа гарахад үүсдэг гэнэ. Хэрэв тархи бие махбодоос эрт сэрвэл хөдөлгөөн хориглосон механизмыг зогсоодог ба хүн өөрийгөө мэдэрч байгаа ч хөдөлж чадахгүй байдалд ордог аж.

Өдөөгч хүчин зүйлс

Зарим хүчин зүйлс ийм байдалд орох магадлалыг нэмэгдүүлдэг байна. Үүнд:

  1. Нойргүйдэл: Тогтмол цагт унтахгүй байх, дутуу нойртой байх, эсвэл хэт удаан унтах.
  2. Стресс болон сэтгэл хөдлөл: Сэтгэл зүйн өндөр дарамт мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг.
  3. Эм, бэлдмэл: Зарим эм, бэлдмэл, ялангуяа төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг эм нойр өөрчлөгдөхөд хүргэдэг.
  4. Нарколепси эмгэг. Хүн өдрийн туршид гэнэт унтдаг ховор эмгэг бөгөөд нойрны саажилтад өртөх нь их байдаг.

Саажилтын төрөл ба онцлогууд

Нойрны саажилт янз бүрийн хэлбэрээр илэрдэг бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг аж.

Сонгодог

Нэлээд түгээмэл хэлбэр бөгөөд хүн бүрэн хөдөлгөөнгүй болдог ч ухаантай байдаг. Ингэхдээ ер бусын дүрс эсвэл сүүдэр зэрэг хий зүйл хардаг байна. Мөн энэ үеэр шивнээ эсвэл алхаа сонсдог.

Мэдрэхүй

Энэ тохиолдолд хүн биеийнх нь аль нэг хэсэгт хүрэх, дарах эсвэл ток цохиж байгааг мэдэрдэг. Гол төлөв ийм мэдрэмж нь цээжин хэсэгт төрдөг тул амьсгал нь боогдож байгаа мэт санагддаг.

Нарколепси

Энэ нь архаг нойргүйдэл, өөрчлөлттэй холбоотой нарколепси. Тухайн өвчтөн унтах үед эсвэл сэрүүн байхад саажилтад ордог.

Соёлын

Зарим үндэстэн нойрны саажилтын үзэгдлийг ер бусын үзэгдэл гэж үздэг. Жишээ нь Японы соёлд үүнийг “канашибари” биед нөлөөлдөг сүнс гэж нэрлэдэг байна. Африкийн зарим омог үүнийг хараал гэж тайлбарладаг. Тиймээс энэ үзэгдэл нойрны саажилтад өртдөг хүмүүсийн айдсыг улам нэмэгдүүлдэг байна.

Гэмтлийн дараах

Хар дарж зүүдлэх, айх зэрэг нойртой холбоотой таагүй үйл явдал тохиож байсан хүмүүс саажилтад ордог гэнэ. Ингэхдээ тэдэнд өмнөх үйл явдал эсвэл сэтгэл зүйн гэмтлийг нь сэдрээсэн хий юмс үзэгддэг тул айдсыг нь улам нэмэгдүүлдэг.

Түүнчлэн, нисэж байгаа мэт, биеэсээ гарч байгаа мэт ер бусын мэдрэмж төрөх нь ч бий. Зарим хүмүүст нойрны саажилтад орохдоо цээж болон дөрвөн мөч нь хүнд зүйлээр дарж байгаа мэт эсвэл ямар нэгэн зүйл бие дээр нь байгаа мэт мэдрэмж төрдөг байна. Эл шинж тэмдэг нь бодит мэт санагддаг тул хүчтэй айдас төрүүлдэг.

Хүн бүр нойрны саажилтыг өөр өөрөөр мэдэрдэг. Зарим нэг нь туйлын ховор ийм байдалд ордог бол бусад хүмүүст ойр ойр тохиодог байна.

Нойрны саажилтаас хэрхэн гарах вэ

Нойрны саажилтад орсон хүн айдаст автсанаар таагүй мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг. Ийм байдлаас гарахын тулд юуны өмнө нойрны саажилт нь амь насанд аюулгүй гэдгийг санаж, тайван байх, жигд, гүнзгий амьсгалах, хуруугаа аажмаар хөдөлгөх замаар бие организмаа сэрээхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Ийм байдал хэдхэн минут эсвэл секунд үргэлжилдэг байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Нойрны саажилтаас бүрэн сэргийлэх боломжгүй ч ийм байдалд ойр ойрхон орохоос сэргийлэх боломжтой аж. Үүний тулд тогтмол цагт, чимээгүй, харанхуй, сэрүүн орчинд унтаж, амрах хэрэгтэй. Ингэхдээ унтахаасаа өмнө кофе, согтууруулах ундаа эсвэл хүнд хоол идэхгүй байхыг зөвлөдөг байна. Бясалгал, амьсгалын дасгал хийх эсвэл иогоор хичээллэх замаар стрессээ тайл. Унтахаасаа өмнө оюуны болон биеийн хүчний хүнд ажил хийхээс татгалзахыг мөн зөвлөжээ.

Нойрны саажилтыг тойрсон домгууд

Шинжлэх ухааны тайлбар гарч ирэхээс өмнө хүмүүс энэ үзэгдлийг далдын хүчтэй холбон үздэг байв. Нойрны саажилтын үед хий юмсыг харах, сонсох, мэдрэх нь маш бодитой байдаг тул хүмүүсийг айдаст автуулж, улмаар муу ёрын сүнсний тухай үлгэр, домог гаргахад хүргэжээ. Европчуудын домогт унтаж буй хүний цээжин дээр чөтгөр, шулам ирж суудаг гэж гардаг бол Азид муу ёрын сүнс хүний хоолойг боодогт итгэдэг байна. Славян үндэстнүүд гэрийн эздэд уурлаж, гоморхсон гэрийн буг тэднийг унтаж байхад нь цээжин дээр нь суудаг гэж үздэг байжээ.

Нойрны саажилт уран зураач, зохиолч, найруулагчдын онгодыг хөглөж, олон тооны шилдэг бүтээл туурвих сэдлийг төрүүлжээ. Хамгийн тод жишээний нэг нь Хенри Фюзелийн “Хар дарсан зүүд” /1781/ зураг юм. Зураач бүтээлдээ эмэгтэйн цээжин дээр сууж буй буг чөтгөрийг дүрсэлсэн нь нойрны саажилтын үед мэдэрдэг айдас, амьсгал боогдох мэдрэмжийг илэрхийлсэн байдаг.

Нойрны саажилт нь ер бусын хэдий ч түгээмэл үзэгдэл. Айдас хүйдэст автуулсан шинж тэмдэгтэй ч биеийн эрүүл мэндэд аюулгүй гэдгийг санах хэрэгтэй. Гэсэн хэдий ч хэрэв ийм байдал ноцтой асуудал үүсгэвэл мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top