Сангийн сайд Б.Жавхлан хилийн боомтуудад ажиллав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

 

Сангийн сайд Б.Жавхлан, Боомтын сайд Б.Тулга нар /2024.3.14/ Монгол Улсын хилийн Ханги, Гашуунсухайт боомтод ажиллаж, тус боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим аж ахуйн нэгжийн удирдлага болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын нэг Боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулахаар төлөвлөсөн билээ.

Сангийн сайд эхлээд Ханги боомтод ажиллалаа. Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Ханги боомтоор 2021 онд 1,4 сая, 2022 онд гурван сая тонн нүүрс экспортолж байсан бол 2023 онд нүүрсний экспорт 70 орчим хувиар нэмэгдэж, зургаан сая тоннд хүрчээ. Энэ онд 10 сая тонныг экспортлохоор төлөвлөөд байна. Иймд тус боомт дахь ачаа тээврийн урсгал, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг Сангийн сайд хэллээ.

 

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханги боомт хүртэлх 489 км хатуу хучилттай автозамыг энэ жил ашиглалтад оруулна. Энэ зам ашиглалтад орсноор Ханги боомтын үйл ажиллагаа 4-5 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ханги боомт уул уурхайн бүтээгдэхүүнээ ганц гарцаар гаргаж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн терминал ашиглалтад орсноор хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар нэмэгдэнэ.

Тус терминалын бүтээн байгуулалт 60 хувьтай байна. Ханги хилийн боомт орчимд 3000 орчим хүн ажиллаж 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүдэлтэйгээр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд замын нөхцөл байдал, ундны ус хомсдож, малын бэлчээр доройтож байгааг иргэд хэллээ. Мөн ундны ус, цахилгаан эрчим хүчний хангамж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ.

 

 

Төрийн нэг цэгийн үйлчилгээний төв, хүнд даацын автомашины оношилгооны төв байгуулах шаардлагатай байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа Сангийн сайд илэрхийллээ. Тэрбээр дараа нь хилийн Гашуунсухайт боомтод ажиллалаа. Гашуунсухайт боомтоор өнгөрсөн жил 36 сая тонн нүүрс экспортод гаргасан бол 2024 онд 40 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьжээ. Энэ нь манай улсын нүүрсний экспортын 66 хувь юм.

Гашуунсухайт боомтын шинэчлэл, боомтын бүтээн байгуулалтын ажил энэ оны зургадугаар сард дуусаж, нүүрсний 10 эгнээ гарцтай, зорчигчийн гурван гарцтай болно. Ингэснээр тус боомт бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж манай улсын нүүрсний экспорт нэмэгдэхээс гадна гаальчдын ажиллах, амьдрах нөхцөл сайжирна гэж Гашуунсухайт гаалийн газрын удирдлагууд танилцууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top