Л.Галбаатар: Сонгуульд хиймэл оюун ухаан хэрэглэн сонгогчдыг төөрөгдүүлэх магадлал нэмэгдэж байна

2024 оны 04 сарын 05

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай өдгөө дэлхий дахинаа, тэр дундаа Монголд ч өргөн тархаад буй хиймэл оюун ухааны хэрэглээ УИХ-ын сонгуулийн үйл явцад хэрхэн нөлөөлж болох, түүнээс яаж сэргийлэх, хиймэл оюун ухаан хэрэглэсэн байж болох сөрөг сурталчилгаа илэрвэл сонгогчид хаана хандах зэрэг сэдвээр ярилцлаа.


-Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр хиймэл оюун ухаан, цахим хэлбэр ашиглан бүтээсэн контент, сурталчилгааны хэрэглэгдэхүүнүүд багагүй үүрэг гүйцэтгэж магадгүй шинэ нөхцөл байдал үүсч байна. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн сурталчилгааг сонгогчид хэрхэн таних боломжтой вэ. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-Сонгогч бүрийн боловсрол, мэргэжлийн болоод дүгнэлт хийх ур чадвар харилцан адилгүй гэж хэлж болно. Ийм нөхцөлд сонгогч бүрийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн зүйлсийг таньдаг бол гэж хэлэхэд хэцүү. Тийм учраас мэргэжлийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага үүн дээр нэлээд үүрэг хариуцлагатай ажиллах шаардлага бий.

Таны хэлдгээр хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент энэ сонгуульд нэлээд өргөн явах нь тодорхой болсон. Эхнээсээ ашиглаад эхэллээ. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент нь энэ юм шүү гэж сэтгүүлчид ялгаж харуулж, харьцуулж сонгогчдод танилцуулж байх үүрэгтэй болж байгаа юм. Ийм контент явсан, үүнийг шалгаад үзэхэд хиймэл оюун ухаан ашигласан, хуурамч буюу төөрөгдүүлсэн зүйл байна шүү гэдгийг харьцуулж харуулах нь зүйтэй. Харьцуулалгүй, дангаар нь харуулах юм бол хэзээний, аль контент байсныг сонгогчид мартчихдаг, эсвэл ялгах боломж гардаггүй. Харьцуулж үзүүлэх нь үр дүнтэй гэсэн судалгааны үзүүлэлт гарч байгаа. Сэтгүүлчдийн зэрэгцээ мэргэжлийн технологийн компаниуд, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтраад зэрэгцүүлж харуулж ойлгуулах шаардлагатай.

-Сонгогчийн боловсрол дээр хиймэл оюун ухааныг ойлгох гэсэн асуудал бас нэмэгдээд ирлээ. Энэ талаар жирийн сонгогчдод ойлголт өгөхийн тулд СЕХ ч юм уу, холбогдох эрх бүхий байгууллагаас юу хийвэл зүгээр бол?

-Нэгдүгээрт, сонгуулийн эрх бүхий байгууллага буюу СЕХ-ноос хэвлэл мэдээллийн байгууллага болон сонгогчид, сонгуульд оролцох улс төрийн намууд, нэр дэвшигчдэд зориулсан холбогдох удирдамж, заавар, зөвлөмжүүдийг сайн гаргах хэрэгтэй болж байна. Одоо бол сонгуульд хиймэл оюун ухааны бүтээл хэрэглээд эхлэхэд аль аль талдаа хүлээж авахад бүгд харьцангуй бэлэн биш байна. Нөгөө талаар, хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент бүрийг хуурамч гэж хэлж бас болохгүй. Монгол Улс хэдэн онд яаж хөгжихийг харуулахын тулд ашиглаж болно шүү дээ. Гол нь ёс зүйн зарчим зөрчсөн, иргэдийг төөрөгдүүлэх агуулгатай контентуудыг ярих учиртай. Энэ нь ийм ийм шинжтэй шүү, үүнд ийм байдлаар хандаарай гэдэг заавар, зөвлөгөөг тодорхой жишээн дээр сайн харуулах хэрэгтэй.

Хиймэл оюун ухааныг сонгуульд ашигласан бэлээхэн жишээнүүд гадаад орнуудад байдаг. Жишээ нь, Туркийн, Энэтхэгийн сонгууль байна.Тэдгээр жишээнд тулгуурлаж сайн таниулах хэрэгтэй юм.

-Сонгогчдын сонгуулийн мэдээлэл хүлээж авах суваг өөр өөр боллоо л доо. Хуучин бол телевиз, сониноос голдуу мэдээллээ авдаг байсан бол одоо залуус сошиалаас ихэнх мэдээллээ авдаг болсон. Тэгэхээр хэн цахимд их ханддаг юм, хэн телевиз үзэж, хэн сонин уншиж байна гээд нас насны онцлогийг харгалзаж энэ таниулгыг хийх хэрэгтэй байх, тийм үү?

-Бидэнд үзэгч, уншигчдын судалгааны үр дүнгүүд байдаг. Залуучууд голдуу цахим орчинд их цаг зарцуулж, тэндээсээ гол мэдээллээ авч байна. Тэдний ашиглаж байгаа платформ, фейсбүүк, твиттер, тик ток, инстограмм дээр хиймэл оюун ухаан ашигласан ийм ийм контент байна шүү гээд жишээг нь харуулаад, сэргийлэх аргуудыг нь заагаад өгөх хэрэгтэй. 

Сонинуудад хиймэл оюун ухаан ашигласан зургууд нэлээд нийтлэгдэх магадлалтай. Орос, Украины дайнаар жишээ татахад, эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн зургийг ашиглаад дайн дэмждэгийг нь дэмждэггүй болгоод, дэмждэггүйг нь дэмждэг болгоод зураг эвлүүлж харуулах тохиолдол, эрсдлүүд харагдаж байна.

Ийм эвлүүлсэн зургууд сонгуулийн үед манайд гарч болзошгүй. Тэгэхээр сонин уншигчдад хэрэв та энэ контентод итгэхгүй бол бусад олон эх сурвалжтай харьцуулж ингэж нягталж шалгаарай гэсэн арга замуудыг нь зааж өгөх хэрэгтэй юм. Дор хаяж зураг дээр гарсан хүнээс тодруулж болно. Тухайн хүнийг төлөөлж буй байгууллагаас нь энэ зураг бодит уу гэдгийг нягтлах шаардлагатай. Эргэлзээ төрүүлсэн контентод эргэлзэх, нягтлах шаардлага үүсэж байна л даа.

-Өмнө нь сонинууд дээр фотошопоор бүдүүлэгдүү эвлүүлэг хийх тохиолдол гардаг байсан. Одоо ялгах аргагүй зүйл хиймэл оюун ухаанаар хийдэг боллоо. Үүнийг нягтлах энгийн арга юу бол?

-Гол нь тухайн хүний дүрс, дуу хоолойн бичлэг түгээмэл, их байгаа тохиолдолд түүнийг улам их дуурайлгаж яг адилхан болгох магадлал их. Өмнө нь бол хуурамч контентыг энгийн нүдээр таних боломж байсан. Одоо ялгах боломж бараг байхгүй болж байгаа тул хянамгай хандаж, болгоомжлох ёстой боллоо. Ялангуяа сэтгүүлчид болоод албан ёсны эх сурвалжаас сэжигтэй зүйлсийг тодруулж эргэлзээгээ тайлах, аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах, ур чадвараа дээшлүүлэх талаар заавар зөвлөмж авах нь зүгээр.

-Түрүүчээсээ Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарын өгөгдлийг ашиглан УИХ-ын дарга Г.Занданшатарыг дуурьт дуулж байгаа маягаар сошиалд түгээж “туршлаа”. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “хятадаар яриулсан”. Жирийн сонгогчдын зарим нь үүнийг ялгаж салгах аргагүй. Энэ бол зүгээр эхлэл. Үүнээс ч илүү бодит мэт зүйлийг хиймлээр бүтээх боломж бий. Цаашаа улам гүнзгийрвэл яах вэ?

-Эхний контентууд хуурамч гэдэг нь танигдахад арай хялбар байна л даа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьдаг гэдэгт итгэх хүн ховор. Улстөрчид дуулж нэвтрүүлэгт ордог тохиолдол байдаг учраас “дуучин” болгож байх шиг байна. Г.Занданшатар даргыг энэ хэмжээний дуулдаг гэхэд итгэх хүн цөөн байх. Гэхдээ иймэрхүү авьяастай байж мэднэ шүү гэж итгэх хүн мэр сэр гарч болно. Тухайн контентод хэдэн хүн итгэж байна гэдгийг тогтооход хэцүү. Гэхдээ л таван хувь нь ч болов итгэнэ гэдэг хуурамч контент бүтээгчдийн хувьд үр дүн. Эндээсээ цааш улам л танихад хэцүү маягаар бүтээсэн контентууд нэмэгдэнэ. Ингэхээр сонгогчид илүү хашир байх хэргтэй болж байна. Та хашир биш байвал тархи угаах гэсэн, таны сонголтод нөлөөлөх гэсэн хуурамч контентын хохирогч болох эрсдэлтэй гэдгийг сайн анхаарах ёстой. Сонгогчоос сонгуулийн үр дүн хамаардаг. Хэвлэл мэдээллийн байгууллага, СЕХ, сонгуулийн байгууллагууд ачааллыг өөртөө аваад ийм зүйл болж байна шүү гэдгийг сонгогчдод анхааруулж сэрэмжлүүлж байх учиртай болж байна.

-Энэ оны хоёрдугаар сард 20 байгууллага нийлж энэ талаар санамж, зөвлөмж гаргасан юм байна. Эндээс ямар санамж гарсан бол?

-Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хуурамч контентууд фейсбүүк, твиттер, инстограмм, тик ток, юутүб гээд дандаа технологийн компаниудын бүтээсэн платформ дээр тарж байгаа. Тиймээс эдгээр технологийн компаниуд өөрсдөө үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой юм байна гэдгийг дэлхий даяар яриад сая хоёрдугаар сарын 16-нд энэ талаар 20 байгууллага ХБНГУ-д уулзаж ярилцлаа. ХБНГУ-ын Мюнхен хотод жил бүр болдог Сайд нарын түвшний төрийн албан тушаалтны Аюулгүй байдлын бага хурал дээр энэ асуудал хөндөгдсөн. Тэнд технологийн 20 компанийн эрх бүхий хүмүүс нэгдээд хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч контентуудтай тэмцэх нь зүйтэй юм байна гэсэн найман зүйл бүхий Санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Гол агуулга нь нэгдүгээрт, өөрийнх нь платформ дээр байгаа хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч контентуудыг ялгаж танихын тулд холбогдох технологио хөгжүүлэх. Хоёрт, ялгаж таниад мэдчих юм бол түүн дээр таних тэмдэг, тэмдэглэгээ тавья гэж ярьж тохирсон. Тэмдэг, тэмдэглэгээтэй болчихвол үзэгчид түүнийг хараад түүнд итгэхгүй байх, шууд итгэхээс зайлсхийх боломжтой болно гэсэн үг. Хэрэв тусгай тэмдэггүй бол олон хүн үзэж итгэх болно. Тиймээс технологийн компаниуд ёс зүйгээ хүлээгээд хамтарч ажиллахаар болж байна. Тэр хурлаас хойш удаагүй байна. Технологийн компаниуд амлалтаа биелүүлэхэд тодорхой хугацаа орно. Нөгөө талаас тэд хүлээсэн үүргээ хэр биелүүлэх вэ гэдэг талаас эрсдлүүд байгаа. Англи хэл дээрх хуурамч контентуудыг ялгаж таних, тэмдэг, тэмдэглэгээ тавихад илүү хялбар байдаг. Таних хэрэгсэл нь сайн ажилладаг. Бусад хэл, жишээ нь, монгол хэл дээрх хуурамч контентуудыг танихад хэцүү байдаг. Тийм учраас Монголын сонгогчдыг төөрөгдлөөс хамгаалах тал дээр тэдгээр компаниуд сайн ажиллаж чадах уу, хэр үр дүнтэй ажиллах бол гэсэн хүлээлт байна. Тэдэнтэй хамтарч ажиллах шаардлага манайд бий.

-УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны явцад хуурамч байж мэдэх контент илэрлээ гэхэд түүнийг шалгуулахын тулд жирийн сонгогч хаана, хэнд хандах вэ?

-Тухайн контентод дүрслэгдэж байгаа нэр дэвшигч юм уу, түүний штабт юуны түрүүнд хандах, тухайн нэр дэвшигч энэ талаар эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан эсэхийг нягтлах хэрэгтэй. Хэвлэл, мэдээллийн байгууллага болон баримт шалгадаг байгууллагад хандан тухайн контентыг шалгуулах хүсэлт тавьж болно.

-Хөдөө орон нутгийн малчин сонгогч байлаа гэхэд тойрогт нэр дэвшигчийнх нь талаар хуурамч байж болох контент илэрвэл СЕХ-нд хэлэх үү. Өөрийн тойрогт нэр дэвшигчээсээ асуух уу?

-СЕХ-нд хандаж болно. Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж болно. Нэр дэвшигчээсээ тодруулж болно. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.178.210) 2024 оны 04 сарын 05

Ха ха энэ сонгууль ч хошин шог цаашаа болох байлгүй

0  |  0
Top