Хэтэрхий эрх чөлөөтэй: Алла Пугачева Оросын хувьд хэн бэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

Оросын алдарт дуучин Алла Пугачева нь зөвлөлтийн үеийн поп од. Шинэ Орост хэд хэдэн удаа тайзаа орхихыг оролдож байсан ба Украинд дайн эхэлснээс хойш эх орноосоо цагаачилсан. Харин тэр олны анхааралд өртсөн хэвээр. Гэхдээ энэ удаад дайны эсрэг түүний байр суурь анхаарлын төвд оруулсан. Тэрбээр энэ сард 75 насны босгыг алхаж байна. Түүний өндөр насны ойтой холбогдуулан ВВС агентлаг яагаад Пугачева хагас зууны жилийн турш Оросын үзэгчдийн хувь томоохон байр суурийг эзэлсэн хэвээр байгаа тухай бичжээ.

Улс төрийн сэдвээр тэр бүр мэдэгдэл хийгээд байдаггүй Алла Пугачева 2022 онд Оросын эхлүүлсэн Украины дайны талаар дуугарав. Тухайн үед тэрбээр гэл бүлийнхээ хамтаар Оросоос явсан.

Түүний нөхөр коммедиан Максим Галкин нийгмийн сүлжээнд дайныг буруутган, тоглолтынхоо орлогыг Украины дүрвэгсдэд зориулан шилжүүлж байв.

2022 оны есдүгээр сард Оросын эрх баригчид Галкиныг “гадаадын агент” гэж цоллосны дараа Пугачева ам нээв. “Намайг хайртай эх орны минь эсрэг гэгддэг “гадаадын агент”-уудын эгнээнд оруулахыг хүсэж байна. Учир нь би үнэнч, шударга, Оросын жинхэнэ эх оронч, Орост хөгжил цэцэглэлт, энх тайван амьдрал, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүсдэг, хий хоосон зорилгын төлөө залуусын амь насыг үрэгдүүлэхийг эсэргүүцэгч нөхрөө дэмжиж байна” гэж өөрийн Инстаграмдаа бичжээ. Түүний пост Төрийн Думын гишүүдээс авхуулаад эрх баригчдыг дэмждэг уран бүтээлч, нийгмийн зүтгэлтнүүдийн дургүйцлийг хүргэв. Үүнээс хойш 1.5 жил жил өнгөрсөн ч түүний эсрэг дайралтууд одоо ч үргэлжилсээр. 2024 оны дөрөвдүгээр сард Төрийн Думын гишүүн Сергей Соловьев Алла Пугачеваг Оросын эсрэг байр суурийнхаа төлөө уучлал гуйхыг уриалсан бол концертмейстер Сергей Лавров “Пугачевад хэзээ ч иргэний байр суурь гэж байгаагүй. Түүний иргэний байр суурь түүнд төлсөн мөнгөний хэмжээгээр илэрхийлэгддэг” гэв. Түүний Пугачевагийн талаар хэлсэн хорон үгсийг Оросын хэвлэлүүд тогтмол эш татдаг. 1980-аад оны сүүлээр хэт их эрх чөлөөт байр сууриных нь төлөө түүн рүү яг ингэж дайрч, давшилдаг байсан гэж сэтгүүл Бояринов сануулав. Гэвч тэр шүүмжлэх тусам улам гэрэлтсээр. Тэр өөрийн хувийн байр суурь, үзэл бодлоо хэтэрхий чөлөөтэй илэрхийлдэг байсан. Пугачева дуучныг яагаад ард түмэн нь хайрласан вэ гэвэл түүнд үзэл суртлын дуу хэзээ ч байгаагүй.

Пугачева зөвхөн өөрийнхөө амьдралаар амьдарч, Брежневийн үед бүгд л эсэргүүцлээ нуудаг байсан бол тэр тодоор илэрхийлдэг байсан.

Пугачевагий үзэл санаа Бержневийн үетэй зөрчилдөж байв

 

 

Алла Пугачева ЗХУ-д анхны поп од болсон. 1970-аад онд тус улсад дайны дараах, шинэ үе гарч ирсэн. Хоригийг ул харгалзан рок хөгжим нууцаар дэлгэрсээр, барууны хөгжим орж ирсээр. Гэхдээ Зөвлөлтийн эстрад хоцрогдож байсан. Учир нь албан ёсны соёлын орон зай үзэл суртлын хатуу хяналт дор байжээ.

Харин Пугачева Оросын эстрадыг орвонгоор нь өөрчилсөн. Тэр тухайн үед зөвшөөрөгдөөгүй арга барилаар анх удаа дуулж эхэлсэн.

Тайзаар алхаж эхэлсэн. Тэр үед тайзан дээр гоё зогсож дуулах ёстой болохоос тайзаар алхаж болохгүй. Тэр өөрийнхөө тухай дуулж эхэлсэн. Тэр үед дуунууд эзэн биегүй байв. Поп хөгжимд энэ бол хэвийн үзэгдэл. Уран бүтээлчид өөрсдийнхөө тухай, өөрсдийнхөө асуудлын тухай дуулдаг. Домогт “The Beatles” хамтлаг ч бас ингэдэг л байсан.

Пугачева өөрөө дуугаа бичиж эхэлсэн. Тэр үед мөн л хориотой зүйл. Хөгжмийн зохиолчдын холбоо байхад тэд л дуу бичих ёстой. Үүнээс болж тэр асуудалтай тулгардаг байсан. Мэргэжлийн биш тул дуу бичиж болохгүй. Мөн дуу дуулах арга нь “зөв биш” байв.

Тэр дуугаа өөрөө зохиогоод зогсохгүй өөрийгөө мөн продюсерлодог байлаа. 1970-аад ЗХУ-д продюсер гэж ер нь байгаагүй. Пугачева өөрийнхөө концертуудад маш нухацтай хандаг. Бараг л жүжиг шиг байсан. Өөрөө тэр жүжгээ тавина. Энэ бүх шинэчлэл албан тушаалтнуудын хувьд зүйд нийцэхгүй хэтэрхий чөлөөт байсан бол үзэгчдэд эсрэгээр таалагддаг байв. 1975 онд Пугачева “Веселые ребята” хамтлагийн хамтаар Болгарт болсон XI “Алтан Орфей” наадамд ЗХУ-г төлөөлөн оролцож, алдрын оргилд хүрч, олон жилийн турш тэр оргилоос буугаагүй.

1990-ээд оны үед барууны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Пугачева “Би өөрөө үргэлж “перестройка /өөрчлөлт, шинэчлэл/, ил тод байдал байсан” гэж ярьсан нь бий.

Валерий Леонтьев зэрэг уран бүтээлчдийн хамтаар Пугачеваг өөрчлөлт, шинэчлэлийн дуут шувуу гэж үнэхээр хэлж болно. Тэд “зохимжгүй” дуу бүтээж, энэ бүгд нь нийгэмд гарах ирээдүйн өөрчлөлт, шинэчлэлийн суурийг тавьсан.

Пугачева ба улс төр

Гэхдээ Пугачева хэзээ ч зөвлөлтийн эсрэг дуучин байгаагүй. Тэр намын тухай дуу дуулаагүй нь үнэн. 1996 онд Пугачева бусад либерал үзэлтнүүдийн адил Борис Ельциний төлөө саналаа өгөхийг уриалж байсан. Ардчиллыг дэмжигчид тэр үед коммунист Геннадий Зюганов гарч, зөвлөлтийн үеийн дэглэм буцаж ирэх вий гэж эмээж байсан.

 

 

2000-оны үед Алла В.Путиныг дэмжсэн. Путины хувьд тэр үед бүх нийтийн vibe байсан.  Залуу удирдагчид олон хүн итгэж байсан. 2011 онд Пугачева “Правое дело” намд элсэж, түүний удирдагч олигарх Михаил Прохоровыг дэмжсэн. Прохоров 2012 оны ерөнхийлөгчийн сонгууль найман хувийн санал авсан юм. “Би эрх баригчид биднийг сонсдог болгох тийм үйлийг бүтээж байна гэж бодож байсан” гэж Алла дурсан ярьдаг. Түүнээс хойш Алла улс төрөөс холдсон.

Агуу дуучныг ардын дайсан болгосон нь

Дайны эсрэг байр суурь, нөхөр Максим Галкиныг дэмжсэн нь Пугачевагийн цөөн мэдэгдлийн нэг байлаа.

Алла Пугачева хүн шиг үйлдэл хийсэн. Тэр төрийн хоосон үзэл санаа, гэр бүл хоёроос гэр бүлээ сонгосон. Харин өдгөө энэ цаг үеийн агуу дуучныг ардын дайсан гэж харагдуулахыг хүсэж байна.

Пугачевагийн эсрэг үзэл суртлын машин ажилласан нь түүний үг хэр их жинтэй болохыг харуулж байна гэж сэтгүүлч Бояринов онцлов. Түүний хэлсэн үг, эх орноосоо явсан үйлдэл нь өөрөө том үйл явдал. Пугачева олон хүний, тэр дундаа дайны тухай дугараагүй уран бүтээлчдийн хувьд нэр хүндтэй хэвээр. Тэр өөртөө үнэнч үлдэж, хүнд асуултаас зугтаагүй нь бүх хүнд сэтгэгдэл төрүүлсэн. Тэр хүмүүст бүгдийг зөв хийж байгаа эсэх, хамтдаа зөв зүгт алхаж байгаа эсэх эргэлзээ үлдээсэн. Түүний үйлдэл, сонголтын үр дагаврыг бид харна. Энэ жүжгийн сүүлийн хэсэг эхлээхгүй байна.

 

 

Хуучин гавьяа ба шинэ уран бүтээл

Харин уран бүтээлийн хувьд Алла Пугачева хэдийн сонгодог болжээ. Түүний ихэнх уран бүтээл нь орос хэлээрх дууны алтан сан хөмрөг болсон. Пугачева Оросын поп соёлын эхийг тавиад зогсохгүй 70-80-аад оны дуунууд нь өнөө хэр хуучраагүй л байна.

1990-ээд оноос тэр хэд хэдэн удаа тайзнаас буухыг оролдсон. Тэр сүүлчийн концертоо ээлж дараалан тавьсан ч тайзандаа эргэж ирсээр байсан. 2019 онд Пугачева “P.S.” нэртэй концерт тоглосон. Одоогоор тэр бол сүүлийнх. Түүнээс хойш Пугачева хэд хэдэн шинэ дуу, тэр бүү хэл цомог гаргасан. Гэхдээ энэ цомгийнхоо тухай хамгийн сүүлд мэдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл цомгийг өөрөө гаргасан эсэхийг батлаагүй.

Түүний сүүлд гаргасан дууны нэг “Миний төлөө бүү санаа зов” нэртэй.

“Миний төлөө бүү санаа зов,

Би ямар ч хувь заяаг хүлээн авахад бэлэн

Бурхнаас заяасныг өөрчлөх аргагүй

Өөрийгөө мэхлэх боломжгүй”.

75 насны ойн босгон дээр Пугачева “Би уйлж байна”, “Амьдрал хэтэрхий богинохон” нэртэй дуу гаргажээ. Пугачева өдгөө тийм ч алдартай уран бүтээлч биш болсон ч нийгэмд нөлөөтэй хэвээр.

Дуучин байр сууриа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Гуравдугаар сард дуучин Стас Михайлов Пугачева болон Оросоос явсан уран бүтээлчдийг “Орос улс тэднийг алдартай хүмүүс болгосон. Тэд Оросын өмнө өвдөг сөхрөн, хөлийг нь үнсэх болно” гэж хэлж байв. Үүний хариуд Пугачева Инстаграмдаа сөөсөн хөгшин хоолойгоор “Стасик, би, хоолойгүй хөгшин дуучин Алла Пугачева байна. Чи юунаас айгаад байгаа юм бэ? Эрүүл сэтгэхүйтэй хүмүүс буцаж очих бодолгүй байна. Тэр болтол чадах чинээгээрээ мөнгө хий, бүү зүгээр суу” гэжээ.

Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баср(66.181.183.149) 2024 оны 04 сарын 25

пугачёва бол зүгээр л нэг завхай авгай

0  |  0
Рэд(77.24.7.205) 2024 оны 04 сарын 24

Энэ овоо ухаантай хүүхэн. Ухаантай тулдаа л өдий хүртэл энэ алдар нэрийг дааж яваа.

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 04 сарын 22

OROS ULS KOMMUNIZMIIN HII UZEGDELEESEE SALAHGUI HEZEE CH SALAHGUI TEDEND TIIM HUV ZAYA ZOHINO

0  |  0
Иргэн(66.181.189.247) 2024 оны 04 сарын 24

Гайхамшигтай, ховорхон, сайхан хоолойтой дуучин шүү.

4  |  0
Top