Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 ны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрх зүйн эдгээр шинэчлэл нь “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстойг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр онцоллоо.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыгМонгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулжээ.
Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар танилцуулав
Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Товч мэдээ
Сэтгэгдэл ( 0 )