Насанд хүрээгүй хүүхдэдээ анхаарал тавь, цаана чинь ГОМО…

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 26

Аав, ээжээсээ “танихгүй хүн дагаж явав даа” гэдэг болгоомжлолын үг сонсч, зурагтын “хүн худалдаалах гэмт хэргийн золиос боловзай” гэх маягтай сэрэмжлүүлэг үзсээр дүүгийн маань хүүхэд сүүлдээ “хүний наймаа” хочтой болсон юм. Нэг өдөр 10-хан настай дүү минь саяхан нүүж ирсэн хотын төвийн байрныхаа гадна үе тэнгийн хөөрхөн охинтой танилцаад тоглож сууж л дээ. Гэтэл ганган жийптэй хүүхэн залуу хоёр охины зүг учиргүй муухай хараад, нааш ир нааш ир гээд л даллаад байж. Охин тэр хүмүүсийг тоох шинж алга. Тэвчээр нь барагдсан эр эм охин руу дөхөж иртэл нөгөөх нь “үгүй ээ, үгүй ээ” гээд л чарлаад гүйчихэж. Бяцхан хүү тэр агшинд ямархуу байдалд орсон бол гэж одоо хэр нь би боддог юм. Томчуул юу байхав дээ, хэд ухасхийгээд л охины хүзүүн дээрээс шүүрч аваад амыг нь таглан, машиндаа суулгаад давхиж дээ. Дүү маань ч тэр хавиар орилж гарлаа. “Хүний наймаа, хүмүүс ээ. Миний найз хүний наймаанд өртчихлөө ш дээ. Авраарай” гээд л тэрүүгээр нэг чарлаад гүйж гарлаа. Нүднийх нь нулимс хар аяндаа урсчихсан, үхтлээ айсан царайтай хүү орилоод л гүйгээд байж. Дэлгүүрт ороод л, үсчний салоноор ч дайрч байх шиг.  Дэлгүүрийн худалдагч даналзуур хүүхэн “Хүүш ээ, эгчийн дүү дуугаа тат. Тэр хүмүүс чинь аав, ээж нь шүү дээ. Чи хаанаас нүүж ирсэн хүүхэд вэ” гэхийг сонсох ч сөхөө алга. Найзыгаа “хүний наймаачдаас” аврах гэсэн дүүг минь байдаг чадлаараа бахирахыг салхилж суусан хэдэн авгай хараад хөхрөлдөж байснаа сүүлдээ элэг нь татчихвуу даа гэмээр бүгд эвхрэлдээд суучихсан. Яахав, нөгөөх охин байрандаа зартай эрх золиг юм байна л даа. Эцэг, эх нь хүч хэрэглэхгүй бол үгэнд нь ордоггүй туучий юм байх. Гэлээ гээд юугаа ч мэдэхгүй дүүд минь “ээж, аав хоёр нь байна аа” гээд хэлчихгүй тийм ухаан мэдрэлгүй уурсаад байх даа ч яах вэ дээ. Ингээд л бяцхан хүүг маргаашаас нь гудамд таарсан хүмүүс “хүний наймаа явж байна” гээд л бараг татаад уначихдаг болсон. Тэр үйл явдал томчуудад ер бусын инээдтэй санагдсанж. Өнөө эцэг эх, телевизийн байнгын сэрэмжлүүлэг бага насны хүүгийн тархинд ийм л айдас суулгасан байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ ийм аймаар айдастай болгох нь хаашаа юм. Гэхдээ бас анхааруулж, болгоомжлуулахаас аргагүй аймшигтай явлууд газар авсан байна аа, цаана чинь. Одоо зөвхөн охин үрээ гэлтгүй, хүүдээ ч анхаарал маш сайн тавьж, орц хонгилоор болгоомжтой яв гэхгүй бол болохгүй цөвүүн цаг ирсэн байна. Одоо бичих гэж байгаа зүйл үнэхээр гутамшигтай.
    Миний хуурай дүү гэх хамтлагийн гишүүн залуу бий. Тэнгист кино үзэж яваад түүнтэй таарсан чинь царай нь хачин зэвхий даачихаж. “Чи зүгээр үү” гэтэл “Анай би мөнгөтэй болвол доод тал нь 1000 хүүхэд амьдардаг асрах газартай болно” гэлээ. “Гэнэт…Яав, ийв” гэж хэрэгт дурласан миний толгойд хэрэв тухайн үедээ тааварласан бол хэзээ ч онохооргүй зүйлийг дүү ярьсан нь харамсалтай. Тэр гар утсандаа хэдэн хүүхдийн зураг авснаа үзүүллээ. /намайг сурвалжлагч болохоор тэр олсон сэдвээ “хуваалцдаг”/Тэнэмэл хүүхдүүд бололтой юм. Тэд дүүтэй байнга таарч, “дуучин …….ах аа, мөнгө өгөөч” гэхээр нь дунд нь таван цаас шидчихээд явчихдаг уламжлал тогтоод уджээ. Надтай таарсан өдөр нь өнөө хүүхдүүд мөн л орилолдоод ирэхээр нь нэгэнд нь мөнгөө сарвайтал өглөгийг гартаа түрүүлж атгасан хүү бусдаасаа ум хумгүй зугтаагаад явчихсан гэнэ. Хоосон хоцорсон бусад нь “Агаа, та очиж очиж энэ муу жомбогод мөнгө өгөөд байхдаа яадаг юм” гээд л нулимж гарч. “Та нар нэгийгээ яасан муухай хэлдэг юм” гэж түүнийг уурсахад “Энэ чинь бүр сурчихсан жомбого шүү дээ” гэж гэнэ. Олны танил дуучин хүүд муухай үгийн учрыг магадлах зөн совин төрж л дээ.
    Энэ муу гаж донтонгуудыг яалтай вэ, эцэг эхчүүд ээ. Дуучин залуу хөөрхий тэнэмэл хүүхдүүдийн яриаг сонсоод бүр шоконд орчихсон явахтай нь би таарсан байна. Хөөрхий тэнэмэл хүүхдүүдийн өлсгөлөн ходоодоо баярлуулах гэсэн хүсэл дээр нь тулгуурласан бие сэтгэлийн яргалал хотын төвийн орц хонгилд явагддаг гэвэл та үнэмших үү. Зарим нь ийм явдлаас айн дагжиж, хөлийн хурдаар тэнхээ мэдэн зугтдаг бол зарим нь хүүхдүүдийн хэлдгээр “жомбого” болчихсон явна шүү дээ. Хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй, хэний ч санаанд оромгүй гэмгүй царайтай новшнууд тэднийг орц руу чирж бэлэг эрхтнээ хөхүүлээд үмх шоколад өгчихөөд арилж өгдөг гэнэ. Хамгийн гол нь тэд хаанахын орц хонгилоор доншуучилж явааг нь хэн ч таашгүй. Тэдний ой гутам үйлдлийн бай нь заавал хөөрхий тэнэмэл жаалуудаас өөр хэн ч байхыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас бага насны хүүхдүүдээ анхаарч, сонор сэрэмжтэй байгаарай, эцэг эхчүүд ээ. Дээр өгүүлсэн “жомбого” хочтой хүүхэд яг үнэнийг хэлэхэд муу гаж донтонгуудын үйлдэлд бүр автагдчихсан нь бусдынх нь яриагаар нотлогдсон. Тэр л аймаар эмгэнэл. Энэ бүгдийг надад ярьсан хамтлагийн дуучин хүүхэд “Эгч ээ, би найз нартайгаа энэ хүүхдүүдийг сэм дагаж яваад, муу гаж донтонг үйлдэл дээр нь барьж аваад үхтэл нь зодно” гээд явсан даа.
Н.Энх. zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top