Хачин хүн
Хүн гэдэг даанч олон янзын ааш араншинтай юм даа. Ихэмсэг, долигонуур, ууртай, амгалан, чалчаа, дуугүй, дээрэнгүй, даруу... ер тоолж, ангилж барамгүй.
Тэр өдөр надтай бас нэг хачин хүн тааралдав. Бид Сонгинын тосгоноос Улаанбаатар хот орох чиглэлийн унаа хүлээж байлаа. Буудал дээр олноос зайдуу нэг эр зогсоно. Энэ халуунд том цүнх, нямбай зангидсан далбагар хар зангиа нь
хүртэл тээртэй харагдана. Харин мань эр энэ бүхэндээ тун ч дассан байртай. Тэнд инээлдэн шуугилдаж байгаа хэдэн залууг үл ойшоосон ихэмсэг харцаар ширвэн ярвайсхийнэ. Тэгж байтал “Чиглэлийн такси” хэмээх жижиг тэрэг давхин ирлээ. Ирсэн хүмүүс нь бууж дуусаагүй шахуу байхад явах зорчигчид зөрөн чихэлдэв. Арваад хүний суудалтай тэр машинд хорин хэдүүл чихэлдэн явахыг манайхан тоох биш дээ. Өнөөх эр дунд хэрд чихцэлдэн орж ирээд, бас ч гэж суудал олон сууж, том цүнхээ өвөр дээрээ тавин, бүдүүн ззнгиагаа засаад авлаа. Түлхүүлж, чихэлдэж орж ирсэндээ цухалдаж байгаа бололтой, бүр ч хямсгар харагдана.
Хүн болгон л ая эвээ олон суух нь сууж, зогсох нь зогсов. Зангиат эр гэнэт эргэн тойрныхоо зорчигчдыг тойруулан ажигласнаа,
-Үгүй ер, нийтийн унаанд хүртэл архи ханхлуулаад гэж хэн нэгийг биш, нийтийг зэмлэсэн аятай өгүүлэв. Нээрэн л архины үнэр сэнхийж байна. Гэвч хэн ч дуугарсангүй...
Манай машин сүнхийн хөдөллөө.
-Хөөе жолооч! Яагаад нийтийн тээвэрт архи уусан хүмүүсийг чөлөөтэй авч явдаг байнаа гэж зангиат эр омогдонгуй асуув. Жолооч,
-Согтуу, хөлчүү хүн харагдаагүй л юмсан гэсэнд зангиат,
-Машинаар чинь дүүрэн архи ханхалж байна гэж мохоов.
-Би ямар орж ирсэн болгоны амыг үнэртэж үзэх биш дээ гэж цаадах нь гөжлөө.
-Нийтийн тээврийн унаанд архи уусан хүнийг авч явахыг хориглосон зарлигийн заалт танд хүртээлгүй хэрэг үү гэж бүр ороох янзтай асууж байна. Жолоочийн дургүй хүрсэн үү, эсвэл айсан уу, дахиад дуугарсангүй.
-Манайхан ийм л байгаа юм даа гэж тамшаалав. Бас л цөм чимээгүй. Зангиатын цухал улам бачуурав бололтой,
-Ер нь алив гэмт хэрэгтэй нийтээрээ тэмцэх ёстой. Нам засгаас ч ингэж зааж байна. Гэтэл манайхан ийм л байдалтай байгаа юм даа... гэж үглэв. Арын суудлаас нэг залуу тун ч тэссэнгүй байртай,
-Та дуугүй яв л даа. Наад лекцийг чинь сонссоор бүр “надаел” болчихлоо гэж чангахан хэллээ. Зангиат эргэж харах гэж суудал дээрээ өндөлзсөн боловч чадсангүй, түүндээ улам ундууцав бололтой,
-Саяны дуугардаг чи л уусан яваа даа, лав гэлээ.
-Хүрч ирээд үнэрлээд үз гэж цаадах нь омогдлоо. Нэг тэсгэлгүй эрийн инээх сонсдов.
-Манайхан ер нь яахаараа ингэж нэгийнхээ дутагдлыг хаацайлж, зарим нь бүр өөгшүүлж байдаг байнаа гэж зангиат нийтийг зэмлэв. Дахиад нэг ч хүн дуугарсангүй. Манай тэрэг толигор хар замаар давхисаар нисэх онгоцны буудал дээр ирэв. Зангиат эр янцаглан өндийх зуураа,
-Хөөш нөхөөр, чи наад хормой гэж уцаарлалаа. Дэргэд нь суусан нэг “хариуцлагагүй нөхөр” цувных нь хормойг дарчихсан хэрэг. Түүнийг буумагц араар суусан залуус доогтойхон инээлдэж байна. Зангиат буугаад нэг алхсанаа эргэн ирж нээлттэй цонхоор,
-Та нар ер нь... гэтэл машин хөдлөв. Эргэн харахад зангиат эр хуруу гозгонуулан, ам нь хөдөлсөөр юу гэж “айлдаж” байсныг сонссон биш дээ! Тэр зангиат хүн тийм шударга, шаардлагатай нэгэн байсан уу, эсвэл уур цухлаа бусдад гарган хэн нэгэнд гомдож явдаг хүн юмсан уу? Юутай ч гэсэн “өршөөх” сэтгэл багатай хүн шиг л билээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )