Баруун бүсийн хөгжлийг түүчээлэх “Морьтой Аравт”-ыг иргэд багаар нь дэмжихээ илэрхийллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрогт МАН-аас нэр дэвшигч “Морьтой аравт” багийн сурталчилгаа Баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт үргэлжилж байна. 

Баруун бүсийн хөгжлийн төлөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Дашзэвэгийн Амарбаясгалангаар ахлуулсан “Морьтой аравт” багт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, Хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Байнгын хорооны дарга Балжиннямын Баярсайхан, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Цэдэндамбын Цэрэнпунцаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх Загджавын Мэндсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Сэрээжавын Энхболд, ЗГХЭГ-ын даргын зөвлөх, санхүү-эдийн засагч, эрх зүйч Батжаргалын Заяабал нар нэр дэвшээд байгаа билээ.

“Бүсийн хөгжлийг Бид түүчээлнэ...” уриатайгаар бүс нутгийнхаа хөгжлийн төлөө зорилго, итгэл нэгдсэн “Морьтой аравт” баг сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн 16 сумын иргэд сонгогчидтой уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулан, бүс нутгийн онцлог, судалгаанд тулгуурлан боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн бодлогоо хүргэн ажиллалаа.

Түүнчлэн “Морьтой аравт” багт Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүн, хоёр УИХ-ын Байнгын хорооны дарга нэр дэвшиж байгаагийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, иргэдтэй нээлттэй санал солилцсон юм.

 

 

Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөн, түүхий эдийн нөөцөд тулгуурлан Говь-Алтай аймагт байгуулах шохойны үйлдвэр, баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр, Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын бүс байгуулах, сэргээгдэх эрчим хүч дулааны цахилгааны станц, Ховд, Увс аймгийн нисэх буудлыг өргөтгөх, автозамын бүтээн байгуулалт зэрэг орон нутгийн хөгжлийг хурдасгаж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого зорилтыг бодитой үйл хэрэг болгож, үр дүнд хүргэхийн тулд “Морьтой Аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байв.

Завхан аймгийн Их-Уул сумын иргэд  арьс, ширээр угалзтай Монгол гутал,  гөлөм хийж, хонины ноосоо боловсруулан хивс нэхэж, жижиг, дунд үйлдвэрлэлийг аймаг, орон нутагтаа хөгжүүлж байна. Тэд орон нутгийн хөгжлийг дэмжих хамгийн чухал ажил бол зам, дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэржилт, ажлын байр, малчин өрхийн орлогыг тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцлоод МАН-ын мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэж бүсийн хөгжлийг нэн тэргүүнд тавьж, хэрэгжүүлж чадах давуу тал “Морьтой аравт” багт байна гэдгийг иргэд онцолж,  талархаж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

Баруун бүс нь Улаанбаатар хотоос 2000 орчим км алслагдсан учраас зарим төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахын тулд ихээхэн зардал, цаг хугацаа үрэгддэг. Тиймээс төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Ховд аймагт эмнэлэг, эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, Эмийн нөөцийн агуулах байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан нь оновчтой бодлого болж буйг иргэд онцолсон.

 

 

Харин Увс аймгийн Давст сумын иргэд сонгогчид малын буянаа аривжуулж аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч, үргэлжлүүлэх хэрэгтэйг дурдсан бол Увс аймгийн Наранбулаг сумынхан аж үйлдвэрийн парк олноор байгуулж, малын гаралтай түүхий эдийг боловсруулан дэлхийн зах зээлд гаргах “Цагаан алт”  хөтөлбөрийг дэмжин хүлээн авч байна.

Түүнчлэн малчдын залгамж халаа, орон нутгийн цахимжуулалт, дэд бүтэц, боловсролын салбарт баримтлах бодлогууд цаг үеэ олсон нэн шаардлагатай ажлууд болохыг тодотгон, энэ хүрээнд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт туссан нь дэмжих шалтгаан болж байгааг хэлсэн юм. 

Малчид орлоготой, иргэд ажлын байртай, үйлдвэрүүд үр ашигтай байх баруун бүсийн хөгжлийн төлөө “Морьтой аравт”-аа дэмжих Ард түмний сонголт ялалт авчирна гэдэгт иргэд, сонгогчид итгэл дүүрэн байна.  

 

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

Top